Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Гамшигт нэрвэгдсэн Өлгийчүүдэд тусламжийн гараа сунгалаа

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 10 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотноо хүчтэй бороо орсны улмаас байгалийн гамшиг болж, 360 орчим өрх үерт автсан билээ. Гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийг зорих тусламжийн цуваа үргэлжилсээр байгаа бөгөөд энэ удаад “Самсунг электроникс”, "Гоо-Ундрах" ТББ байгууллага өлгийчүүдэд тусламжийн гараа сунгалаа.

Өлгий хотод болсон байгалийн гамшгийн улмаас 6, 9, 13 дугаар багийн 360 орчим айл өрхийн, 1400 гаруй иргэн үерт автсан байгалийн гамшиг болсон. Үерийн улмаас 105 өрхийн байшин нурж, орон гэргүй болсноос гадна 70 байшин нурах эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг.

Тэр цагаас хойш гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийг зорих тусламжийн цуваа тасарсангүй. Энэ удаад “Самсунг электроникс” компани, “Гоо-Ундрах” ТББ хамтран Баян-Өлгий аймгийн байгалийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламжийн гараа сунгаж, 300 орчим айл өрхөд гэр ахуйн цахилгаан бараа бэлэглэлээ.

 

"Самсунг электроникс" Монгол дахь төлөөлөгч Д.Серикжан 

“Байгалийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд тусламж үзүүлэх саналыг дээд удирдлагууддаа тавиад дэмжсэн байгаа. Үерт нэрвэгдсэн 300 орчим айл өрхийн амьдралыг дэмжих, тус болох үүднээс гэр ахуйн цахилгаан бараа бэлэглэж байна. Телевизор, тоос сорогч, богино долгионы зуух зэрэг 100 сая орчим төгрөгийн үнэ бүхий цахилгаан барааг өнөөдөр өрхүүдэд тарааж өгч байна” гэлээ.
 

Орон гэргүй болсон 105 өрхөд зориулан Өлгий сумын ЗДТГ-аас 0.7 га газар шинээр олгосон бол Засгийн газрын нөөц сангаас орон гэрээ алдсан өрхүүдэд эсгий гэр олгосон байна. Үерийн дараачаас нурсан барилга байгууламжийг цэвэрлэх, хог хаягдлыг ариутгах үйл ажиллагааг хийж 150-160 см гүн ус тогтсоныг 1500 метр суваг, 216 метр куб далан босгон цэвэрлэх ажлыг өрнүүлжээ.

Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн А.Бакей 

“Өнгөрсөн зун, яг наадмын өдөр Өлгий хотод их хэмжээний үер бууж, оло айл өрх орон гэргүй болж, хашаа нь нурсан. Төр засгаас тодорхой хэмжээний мөнгө гаргаж, тусламжууд үзүүлсэн. Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүний хувьд олон улсын байгууллагууд, хувь компаниудад тусламжийн гараа сунгах талаар санал хүсэлт илгээсэн.

Ингээд Солонгос улсын бренд Самсунг компани саналыг хүлээж авч, Өлгийчүүддээ, үерт нэрвэгдсэн өрхүүдийн амьдралд хэрэг болохуйц гэр ахуйн цахилгаан барааг бэлэглсэн явдалд их талархаж байгаа” гэв.

Төр засгийн тусламжаас гадна Казакстаны Засгийн газар, Олон улсын байгууллага, хувийн аж ахуйн нэгжүүдээс Өлгийчүүдэд тусламжийн гараа сунгаад байсан. Эдгээр тусламжийн хүрээнд шинэ суурьшлийн бүс байгуулах, орон гэр олгох, цахилгаан эрчим хүч татах, худаг ухах, далан суваг босгох зэрэг олон ажлууд хийсэн ч үерт автсан өрхүүд хэвийн амьдралдаа эргэж орж чадаагүй байгаа юм. Үүний нэг учир шалтгаан нь айл өрхүүдийн тохижилт, хэвийн амьдралд хэрэгцээтэй цахилгаан бараа байсныг хэлж байлаа. 

“Самсунг электроникс”, “Гоо ундрах” ТББ хамтран орон нутаг дахь Некст электрониксын салбараар дамжуулан хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд үерт автаад орон гэрээ төвхнүүлж амжаагүй байгаа 300 айл өрхөд телевизор, тоос сорогч, богино долгионы зуух зэргийг олгосонд Өлгийчүүд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв.

 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.