Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Батмөнх: 39 шүүгч, 98 захиргаа үйлчилгээний ажилтан өдөрт 800 орчим хүнд үйлчилдэг

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд боллоо. 

"Шүүхийн дэд бүтэц” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
 
Шүүхийн байрны тулгамдсан асуудлын талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Шүүхийн тухай багц хууль гарснаар шүүхийн шинэтгэл үр дүнгээ өгч байгаа ч шүүхийн дэд бүтэц, барилгатай холбоотой асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. 

Монгол Улсын хэмжээнд нийт 115 шүүх 46 байранд үйл ажиллагаа явуулж байна. 46 байрнаас 36 нь шүүхийн өөрийн мэдлийнх. Харин 5 байр шүүхээс өөр байгууллагын мэдлийнх. 

Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар шүүн таслах ажиллагааг зөвхөн шүүхийн байранд явуулах талаар заасан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн байранд өөр үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон. Гэвч улсын төсөв, санхүүгийн байдлаас шалтгаалаад шүүх прокурортой нэг байранд шүүн таслах ажиллагааг явуулж байна.
 
Насжилтын хувьд 26-40 жил болсон 15 байранд шүүх байрлаж байна. Ашиглалтын хувьд хүнд нөхцөлтэй, их засвар хийхгүй бол шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангахад бэрхшээлтэй болсон.
 
Улаанбаатар хотын хувьд Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн байр асуудал дагуулж байна. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 40,500 иргэний маргааныг шүүх шийдсэн. Үүнээс,

  • 11,000 иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд, 
  • 10,000 орчим хэргийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд шийджээ. 

Өөрөөр хэлбэл, иргэний маргааны 50 гаруй хувийг шийдвэрлэдэг энэ хоёр шүүх үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна. 

Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн Засаг даргын тамгын газар том цогцолбор ордонд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн тамгын газраас акталж, үлдээгээд явсан байранд үйл ажиллагаа явуулж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын акталсан байранд шүүх олон байгууллагуудтай хамт байрлаж байгаа” гэв.

Хамгийн их ачаалалтай шүүхүүдийн нэг болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүх Эвлэрүүлэн зуучлалаар жилд 1,590 орчим маргааныг шийдвэрлэдэг. Өдөрт 100-120 нэхэмжлэл хүлээн авч байна. Мэдээлэл лавлагааны ажилтнууд өдөрт 400 орчим иргэдэд үйлчилдэг. Долоо хоногт 350-400 шүүх хуралдаан болдог байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнх "Шүүхийн байрны асуудал манай шүүхэд тулгамдсан асуудал болж байна. Нэг байранд гурван шүүх үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл энэ гурван шүүх улсын хэмжээнд хамгийн их ачаалалтай ажилладаг. Жилд 12 мянган иргэний хэргийг шийдвэрлэж байна. 

39 шүүгч, 98 захиргаа үйлчилгээний ажилтнууд өдөрт 800 орчим хүнд үйлчилдэг. 

39 шүүгч, 98 захиргаа үйлчилгээний ажилтнууд өдөрт 800 орчим хүнд үйлчилдэг. Гэтэл манай шүүхийн барилгын ашигтай талбай 707 метр.кв. Засаг даргын тамгын газрын мэдлийн байрыг гэрээ байгуулан ашиглаж байгаа ч иргэдийг хүлээн авах зай талбай бага. Өрөөнүүдийн талбай маш бага. Манай шүүхийн шүүх хуралдааны нэг ч танхим стандартын шаардлага хангаагүй. Шүүх хуралдааны танхим хүрэлцдэггүйгээс хуралдаан хойшлох зэрэг асуудал гардаг. Нэг жижиг өрөөнд 2 шүүгч, шүүгчийн зургаан туслах нэг өрөөнд ажилладаг. Бүр нэг өрөөнд 20 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга интернэт кафед байгаа мэт шигүү зайнд зэрэгцэж суугаад ажилладаг. Хэргийн оролцогчид хэргийн материалтай танилцах боломж ч байрны асуудлаас болж хомс байдаг” гэж ярилаа.
 
Сүүлийн гурван жилийн хугацаанд шүүхэд хөрөнгө оруулалтын зардал төсөвлөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл, шинээр байшин барих, их засвар хийх, тавилга тоног төхөөрөмж худалдаж авах зардалгүй гурван жил болжээ. 

Одоогоор шүүхийн 5 байрны ашиглалтын хугацаа дуусч актлагдсан. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэний хэргийн 6 шүүх байрны хувьд асуудалтай байгаа аж. Иргэний маргаан жил ирэх тутам ихэсч байгаа үед байрны тулгамдал шүүхийн үйлчилгээ үзүүлэхэд тун хүндрэлтэй байгааг шүүгчид хэлж байлаа.