Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Боб Дилан Нобелийн шагналаа гардаж авахгүй байж магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нобелийн шагналын хороо утга зохиолын энэ оны шагналыг авахаар болсон Боб Дилантай одоо болтол холбогдож чадахгүй байгаагаа мэдээлжээ.

75 настай Диланыг энэхүү нэр хүндтэй шагналыг авах болсныг өнгөрсөн Пүрэв гарагт зарласан.

Гэтэл тэр орой Дилан Лас Вегасын тайзан дээр тоглож байсан ба энэ үеэрээ шагналын тухай огт яриагүй гэнэ.

Баасан гарагт нь тэр Коачелла хөгжмийн наадамд тоглолтоо үзүүлэхдээ мөн л юм ярьсангүй. Харин түүний дараа тайзан дээр гарсан Роллинг Стоунз хамтлагийнхан Диланы шагналын тухай хэвлэлд сэтгэгдлээ хуваалцсан байна. Мик Жаггер түүнд баяр хүргэх хүсэлтэй байгаагаа ярьж “Бид хэзээ ч Нобелийн шагналтантай нэг тайзан дээр гарч байгаагүй. Боб бол бидний хувьд Уолт Уитмэн л гэсэн үг” гэжээ. Кэйт Ричардс “Би түүнээс өөр ийм шагнал авах гавьяатай хүнийг харахгүй байна” хэмээн нэмж хэлсэн байна.

Харин Дилан л өөрөө юу ч дуугарсангүй.

Шведийн Академи түүнтэй холбогдох гэж бүх аргаа хэрэглээд дууссан гэнэ. Одоогоор түүний ойрын хүмүүстэй холбогдож мэдээлснээс өөр ахицгүй байгаа тухайгаа тэд ярьжээ.

Боб Дилан ер нь шагнал, баяр ёслолд “харшилтай” хүн юм.

1963 онд тэр Том Пэйний иргэний эрхийн шагналыг хүртэхдээ хэлсэн үг нь тухайн үедээ шуугиан дэгдээж, Боб дараа нь уучлал гуйж байжээ. Тэгэхэд тэр Жон Кеннедиг алсан алуурчин Ли Харвей Освальдыг өрөвдөж байгаагаа хэлсэн юм.

2000 онд Боб “Wonder Boys” киноны “Things Have Changed” дуугаараа Оскарын шилдэг киноны дууны шагнал хүртсэн ч ёслолын арга хэмжээнд очилгүйгээр Австралиас видео бичлэгээ илгээж байв.

2007 онд Prince of Asturias медалийг түүнд гардуулахаар зохион байгуулсан Испаний Хааны үдэшлэгт очилгүй өнгөрөөж, Омахад тайзан дээр тоглож байсан гэдэг.

Мөн 2010 онд Урлагийн салбарын үндэсний Медалийг Цагаан ордонд гардаж авмагцаа олны нүднээс зугтаж байсан гэнэ.

Диланы фэн гэдгээ байнга ярьдаг ерөнхийлөгч Обама твиттер хуудсаараа домогт уран бүтээлчид Нобелийн шагнал авах болсонд нь баяр хүргэж байсан юм.

Гэвч Обамагийн энэ хүндлэлийг ч тэр тоодоггүй. Цагаан ордонд тоглохыг удаа дараа урьж байсан ч 2010 онд арай гэж урилгыг хүлээн авсан байна.

Ингэхдээ Дилан тайзан дээр нэг тоглолт үзүүлсний дараа шууд Цагаан ордноос гарч явжээ. Тайзнаас буусан Дилан эхний эгнээнд сууж байсан Обаматай гар барьсны дараа юу ч ярилгүй танхимаас гарч явсан байна.

“Бусад урлагийнхан Мишел бид хоёртой зургаа авхуулахыг хүсдэг бол Дилан огт тэгээгүй. Надтай гар барьсан нь түүнтэй харьцсан миний цорын ганц тохиолдол байлаа” гэж 2013 онд Обама дурсан ярьжээ.

Гэхдээ энэ хэв маяг нь түүнийг Диланд дуртай болгосныг Обама хүлээн зөвшөөрч байв.

Нобелийн шагналын хорооны төлөөлөгч хатагтай Даниус Диланыг арванхоёрдугаар сарын 10-нд болох шагнал гардуулах арга хэжээнд ирэх эсэхийг хэлж чадахгүй байгаагаа ярьжээ.

“Тэр хүсэхгүй бол ирэхгүй байж чадна” хэмээн хэлсэн ч Даниус Диланыг шагналын ёслолд ирнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

Эх сурвалж: Telegraph