Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Туяа: Мэргэжил сонголтын сорилыг компьютерийн оношилгоогоор хийдэг

Р.Оюун
2016 оны 10 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэлзүйн оношилгооны багийн ахлагч Б.Туяатай ярилцлаа.

-Сэтгэлзүйн оношилгооны багийн талаар товч танилцуулахгүй юу?

-Манай багийн онцлог нь сэтгэцийн өвчин, эмгэгийг оношлохоос илүүтэйгээр хүүхэд, өсвөр үе, СЭМҮТ-д хандсан хүмүүст өөрсдийнх нь эмнэлзүйн клиник, эмч нарын тавьсан үзлэг,  оношилгоонд тулгуурлан сорил хийж байгаа.

Өсвөр үе, хүүхдийг насаар нь ангилж сэтгэцийн бүлэг сорил, мэргэжил сонголтын сорилыг компьютерийн оношилгоогоор хийдэг. Ингэснээр хүүхдүүд ямар мэргэжил сонгохоо шийдэж чаддаггүй. Буруу мэргэжил сонгож амжилтгүй явахаас сэргийлэх үүднээс мэргэжил сонголтын бүлэг сорилыг хийлгээд түүн дээрээ үндэслээд мэргэжлээ сонгосон байхад алдахгүй.

-Энэ сорилыг хаана, яаж хийдэг юм бэ?

-Компьютер оношилгоонд суурилдаг болохоор манайд хандаж ирсэн тохиолдолд бид хийчихнэ. Сургууль, анги хамт олноороо хийлгэе гэвэл тест, сорилоо бөглүүлээд дараа нь компьютерийн программд хийж үр дүнг нь гаргаж болно.

-Өнөөдрийн байдлаар танайд ирсэн хэдэн хүүхэд байна вэ. Хүүхдүүд мэргэжил сонголтоо зөв хийж байна уу?

-Одоогоор ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн IX, X ангийн хүүхдүүд хамрагдсан байгаа. Мэргэжил сонголтын сорил нь тухайн хүний зан төлөв, сонирхолд суурилаад мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ гэдгээр сорилын дүн гардаг. Ингэснээр хүүхдүүд маань 2-3 мэргэжил солихгүйгээр сонгосон мэргэжилдээ үр бүтээлтэй, амжилттай ажиллаж чадна гэсэн үг.

-Сорилын дүн ямар хугацаанд гардаг юм бэ?

-Таван бүлэг сорил байдаг. Сургуулийн хүүхдүүдэд ихэвчлэн дөрвөн бүлэг сорилоор хийдэг.  Энэ нь хугацааны хувьд 20-40 минут л бөглөнө. Компьютер дээр суугаад хийж байгаа тохиолдолд хариу нь дороо гарна. Сорилоо бөглүүлээд дараа нь компьютерт шивж байгаа үед тодорхой хугацаа зарцуулдаг.

-Тэгвэл оюутнууд мэргэжлээ хэрхэн зөв сонгосноо энэ сорилоор мэдэж болох нь ээ?

-Оюутнууд, ахлах ангийн сурагчдын хувьд мэргэжил сонголтын сорилыг өгөхөд өөрсдөд нь хэрэгтэй. Нэгэнт ийм мэргэжил сонгоно гээд оюутан болсон тохиолдолд мэргэжлээ хэрхэн цааш нь нарийвчилж явбал илүү үр дүнтэй вэ гэдэг бүлэг сорил байгаа.

Тухайлбал, би нүд, мэс заслын эмч болох уу гэсэн сонголт байдаг. Үүнтэй адил мэс заслын эмч тохирох юм байна. Эсвэл мэс засал тохирохгүй юм байна. Зөвхөн хүний сэтгэцийн эрүүл мэнд, харилцаан дээр ийм мэргэжил сонгох юм байна гэдэг үүднээс өөрөө шийдээд нарийвчлаад сонгох боломжтой.

-Өдөрт хэдэн хүн оношилдог вэ?

-Ажлын цаг буюу 09:00-15:00 цагийн хооронд дөрвөн хүн оношилно. Сэтгэцийн шинжилгээг нэг цаг 30 минут хийдэг. Тиймээс энэ хүмүүсийнхээ дундуур үздэг учраас ачаалал нь гайгүй. Мэргэжил сонголтоо хийлгэе гээд ирвэл гайгүй гэсэн үг.

Яг сэтгэлзүйн оношилгоо хийхэд сэтгэцийн эмчийн үзлэгийг шаарддаг. Тухайлбал, ямар олон тавигдчихаад энэ хүн сэтгэлзүйн оношилгоо хийлгэх гэж ирэв гэдгийг чухалчилж үзнэ.

-Өсвөр үеийнхний сэтгэлзүй ямар байна. Үзүүлэхээр ирдэг үү?

-Өсвөр үеийнхэн хандах тохиолдол их цөөхөн. Эцэг эх энэ талын мэдлэг дутуу эсвэл хүүхдүүддээ зориулах цаг, зав байхгүй болохоор ханддаггүй байж болох юм. Тиймээс ирж оношлуулж байгаа хүүхэд ховор байдаг.

Ямар үед ирдэг вэ гэхээр оюуныхаа түвшинг тогтоох сорилыг хийлгэх гэж ирдэг гэсэн үг. Ой тогтоолтоо хэд байгааг мэдэхийн тулд өөрсдөө биш эмчийн зааврын дагуу ирдэг.

Зураг