Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

20 тэрбум төгрөг зориулалтын бусаар зарцуулсан гэх Н.Мөнхбатыг баривчилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг АТГ-аас өчигдөр баривчлан саатуулжээ. Түүнд бондын хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. 

Хөгжлийн банк болон бондын хөрөнгөтэй холбоотойгоор хэд хэдэн хүний хэргийг нэгтгэн Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагуудынх гэх нэртэй томоохон хэргийг АТГ-т шалгаж буй. Энд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Шинэбаатар нарын тус тусдаа байсан хэргийг нэгтгээд байгаа аж. 

“Фортуна” хэмээн Н.Батбаярыг сайдын албан тушаал хашиж байх үед нь буюу 2014 онд бондын зарцуулалттай холбоотой асуудлаар АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Гэвч удалгүй хэргийг түдгэлзүүлсэн байна.

 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Учир нь улс орны санхүүг атгаж байсан сайд өөрийг нь шалгаж буй хуулийн байгууллагыг төсөв санхүүгээр нь “чангалах”-аас эхлээд ил, далдаар багагүй дарамталсан. Тиймээс сайдтай холбоотой хэргийг түдгэлзүүлэхээс өөр аргагүй болсон гэдэг.

Харин энэ хэргийг өнгөрөгч зун дахин сэргээн, шалгаж эхэлсэн байна. Өдгөө “Фортуна” Н.Батбаяр эрүүл мэндийн шалтгааны улмаас гадуур шалгагдаж байгаа аж.  

Н.Мөнхбатын тухайд мөн л 2014 оноос эхлэн хуулийн байгууллагад шалгуулж байгаа. Түүнийг өмнө нь сэжигтнээр тооцон шалгаж байсан бол яллагдагчаар татах болсноор АТГ-аас баривчилжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар зөвхөн Н.Мөнхбаттай холбоотой 20 тэрбум орчим төгрөгийн асуудал шалгагдаж байгаа аж. Тэрбээр ийм хэмжээний мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, арилжааны банкууд уруу шилжүүлсэн хэрэгт холбогдоод байгаа юм байна.