Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

А аминдэмээр баялаг хүнс

С.Бадрал, iKon.mn
2016 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Улаанбурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Улаанбурхан хэмээх аюулт өвчнөөс сэргийлэх аюулгүй, үр дүнтэй вакцин байдаг хэдий ч дэлхий нийтийн хэмжээнд улаанбурхан өвчин нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгааны нэг хэвээр байсаар байна. Өвчилсөн хүүхдийн нас хэдий чинээ бага байна, эндэх эрсдэл нь төдий чинээ өндөр байдаг.

Нярай хүүхдийг улаанбурханы халдвараас хамгаалах хамгийн найдвартай арга бол ангир уургийг эрт амлуулах юм.

Дөнгөж төрсөн нярайд ангир уургаа амлуулснаар олон төрлийн халдвараас сэргийлэх боломжтой болно. Ангир уураг нь харшил болон халдвараас сэргийлэх эсрэг биет болон цагаан эсүүдээр баялаг, мөн өсөлтийн хүчин зүйлс болон А аминдэмээр баялаг байна.

Ангир уураг нь орлуулшгүй амин хүчил ихтэй. Альбумин уургийг их хэмжээтэй агуулдаг. Альбумин уурагт халдвараас хамгаалах үүрэг бүхий уураг байдаг. Мөн түүнчлэн өвчин эсэргүүцэх иммуноглобулинууд А, М, G, лизоцим найрлага тогтмолжсон сүүнээс хавьгүй илүү 10 дахин их байдаг.

Дархлааг хамгийн үр дүнтэй барьж байдаг трансфер фактор эхийн ангир уурагт хамгийн их хэмжээтэй байдаг. Трансфер фактор буюу дархлааны тогтолцоо эх төрсний дараах 30-60 минутад ангир уургаар дамжин хүүхдэд хүрдэг.

Улаан бурхан өвчний үеийн хоол нь дархлааг дэмжсэн, аминдэм, эрдэс бодисуудыг хангалттай агуулсан, хөнгөн, тэжээллэг чанартай байх шаардлагатай.  Уг өвчний хүндрэлийн үед нүд үрэвсэж, хараанд нөлөөлөх тул А аминдэмийг түлхүү агуулсан хоол хүнс болон нэмэлт бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй.

0-6 сартай хүүхдийг эхийн сүүгээр ойр ойрхон хооллох шаардлагатай.

Эхийн сүү нь хүүхдийн биед шаардлагатай уураг, тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулж байдгаас гадна бактери, нян, мөөгөнцрийг устгах хүчтэй эсрэг биетүүд болон цагаан эсийг  агуулснаараа  хүүхдийг өвчнөөс сэргийлж,  өсөлт, хөгжилт, хөдөлгөөн, хоол боловсруулахад зарцуулагдах илчлэгийг нөхөж байдаг.

Хүүхэд нэмэгдэл хоолонд орсон буюу зургаагаас дээш сартай үед хоолонд аль болох аминдэм, эрдэс бодис түлхүү агуулсан тэжээллэг, зөөлөн хүнс оролцуулах шаардлагатай. Халдвар авснаас хойш эхний гурван хоногийн хоол нь олон төрлийн жимс, хүнсний ногоо багтаасан байна. Ялангуяа гадил болон цитрусын төрлийн жимс тухайлбал амтат жүрж, нимбэг зэрэг нь А болон С аминдэмийн агууламж өндөр бөгөөд дархлааг дэмжин улаанбурханы үед илүү ач холбогдолтой.

Гадил жимс нь биед шаардлагатай уураг, нүүрс усыг их агуулахаас гадна эрдэс бодис, кали, магни, В6, С аминдэмийн агууламж өндөртэй. Мөн хүүхэд идэхэд тохиромжтой зөөлөн байдаг.

Улаан бурхан өвчний үед А аминдэмийн хэрэгцээ нэмэгддэг тул энэхүү аминдэмийг их агуулсан хүнсээр хүүхдэд хоол бэлтгэж өгнө. Эхийн хэрэглэж буй хоол тэжээл А аминдэмээр баялаг бол хөхүүл хүүхэд эхийн сүүнээс аминдэмийг үргэлжлүүлэн авч 6 сар хүртлээ А аминдэмийг биедээ нөөцөлдөг. 6 сартайгаас хүүхэд өсөхийн хирээр нэмэгдэл хоолоор нөхөгдөх шаардлагатай.

А аминдэмээр нилээд сайн баялаг хүнс:

Гүн ногоон өнгийн навчит ургамал, цэцэгт байцаа, цоохор майлз, бууцай, далайн байцаа, шар өнгөтэй хүнсний ногоо, эрдэнэ шиш, амтат төмс, хулуу, шар лууван, шар өнгийн жимс

Гахай, хонь, үхрийн элэг, өндөгний шар, улаан лууван, луувангийн нухаш, хатаасан улаан лууван, нохойн хошуу

А аминдэмээр дунд зэрэг баялаг хүнс:

Үнээний тослог өндөртэй сүү, цөцгийн тос, цөцгий, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүн, мах, үхрийн борц, ногоон сонгино, шанцай, хулуу, шар лууван, ногоон гоньд, улаан лоолийн нухаш, чангаанз, цэвэрлээгүй дал модны тос орно.

Нэмэгдэл хоолыг аль болох хялбар боловсорч шингэх байдлаар бэлтгэж өгнө. Тухайлбал шар луувангийн нухаш, төмсний нухаш, холимог ногооны нухаш, алимны нухаш, бантан, махны ногоотой зутан шөл, махны шөлөнд хийсэн хүүхдийн будааны агшаамал, элэгний нухаш, элэгний зутан шөл, тахианы мах, лууван төмстэй зутан шөл, загасны нухаш, тахианы нухаш, ногоон цэцэгт байцаа болон бууцайн нухаш, төмс бууцайн зутан шөл, олон ногооны нухаш, тараг, будааны хулуутай агшаамал, цагаан будааны зутан шөл, улаан лоолийн салат гэх мэт хоолыг өгч болно.

Хүүхдийг эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнээр хооллож байгаа үед уг бүтээгдэхүүнүүд нь шаардлагатай аминдэм, эрдэс бодисуудыг бага агуулдаг, халдварын эсрэг бодис байхгүй тул хүүхэд халдварт өвчинд өртөмхий байдаг. Эхийн сүүгээр хооллодоггүй хүүхдэд олон төрлийн аминдэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс илүү ихээр шаардагдана. А аминдэмээр баяжуулсан сүү өгөх, баяжуулсан сүү байхгүй тохиолдолд А аминдэмийн бэлдмэлийг эмчийн заавраар тохирох тунгаар өгнө.

Малын ба хуурай сүүгээр сүүн тэжээл бэлтгэвэл хүүхдэд бичил тэжээлийн бэлдмэл нэмж өгөх зайлшгүй шаардлагатай. Мөн нэмэлт хоолонд орох үед хоолонд нь аминдэм, эрдэс бодисууд, болон хүүхдийн дархлаа дэмжих бодис агуулсан хүнсээр хоол бэлтгэж өгөх нь зүйтэй.

Мөн улаанбурхан өвчний үед бүтэн үр тариа, будаа, өндөг, цөцгий, загас, тахиа, хүнсний ногоо, хулуу зэрэг хялбар боловсорч шингэх хүнсийг өгч болно. Эдгээр хоол нь ходоодонд ачаалал өгөхгүйгээс гадна шаардлагатай шимт бодисуудыг агуулдаг. Мөн хоолондоо бактерийн эсрэг шинж чанар бүхий сармисыг нэмж өгөх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлнө.

Хүүхэд улаанбурхан өвчин туссан үед тахианы махыг бусад махнаас түлхүү хийж өгөх нь хялбар боловсорч шингэх бөгөөд доорх ашиг тустай хүнсний бүтээгдэхүүн юм.

  • Дархлааны үйл ажиллагааг дэмждэг

Тахианы мах нь бодисын солилцоонд чухал ач холбогдол бүхий селениумыг бусад мах махан бүтээгдэхүүнтэй харьцуулахад илүү агуулдаг. Энэхүү эрдэс нь бамбай булчирхай, дааврын болон бодисын солилцоог сайжруулж биеийн дархлааг дэмждэг байна.

  • Бодисын солилцоог сайжруулдаг

Тахианы мах нь бусад төрлийн махнаас илүүтэйгээр аминдэм В6 (эсвэл B-комплекс витамин) -ын агууламж өндөр. Хүний биеийн фермент болон бодисын солилцооны эсийн урвал В аминдэмээр зохицуулагддаг.

  • Ниацинаар баялаг

Тахианы мах ниацины онцгой агууламжтай. Ниациныг зарим тохиолдолд аминдэм В3 гэж нэрлэдэг. Ниацин нь хорт хавдраас сэргийлэх, хавдрын өсөлтийг саармагжуулах витамин  В-ийн төрлийн амин дэм юм.

  • Нүдний эрүүл мэндийг дэмждэг

Тахианы мах нь ретинол, альфа, бета-каротин, лицопене, аминдэм А агуулдаг учраас нүдний харааг сайжруулах, нүд үрэвслийг намжаахад чухал нөлөө үзүүлдэг.

2-5 настай хүүхдүүдийн хоол нь тэжээллэг, өнгө хосолсон, тод гоё өнгөтэй, тэдний сонирхолыг  татахуйц хэлбэр дүрстэй байх нь зохимжтой. Хурц амт болон үнэргүй идэхэд амар, зөөлхөн байх хэрэгтэй. Дархлаа дэмжсэн эрдэс бодис, аминдэмүүдийг агуулсан олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр бэлтгэсэн байна.

Улаанбурхан өвчний үед бие махбодийн усны хэрэгцээ нэмэгддэг тул өдөрт хамгийн багадаа 8 аяга ус болон олон төрлийн жимс, жимсгэнийн тухайлбал нимбэг, жүрж, аньс, чацарганын шүүс өгөх нь тохиромжтой. Таны хүүхэд нэг нас өнгөрч байгаа бол нимбэг болон зөгийн балтай халуун бүлээнус өгч болно.Нэг аяга усанд нэг амны халбага нимбэгний шүүс болон хоёр амны халбага зөгийн бал холиод өгнө.

Улаанбурхан өвчний үед хориглох буюу өвчний эдгэрэлтэнд муугаар нөлөөлөх хүнсэнд:

Шарсан хайрсан хоол, тос ихтэй түргэн хоол, улаан мах, халуун ногоо, хийжүүлсэн ундаа болон ус, кофе, давсалсан нөөшилсөн хүнс зэрэг орно. Мөн энэ өвчний үед давс болон амтлагчны хэрэглээг хязгаарлах шаардлагатай.

 

Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн