Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Лхагвасүрэн: Дээрмийн хэргийн улмаас алга болсон их хэмжээний мөнгийг хайж байгаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

“Мөрийтэй тоглоомын газарт үл таних этгээдүүд дайран орж 30 гаруй хүн хутгалж, гэмтээжээ” гэсэн мэдээлэл зарим мэдээллийн сайтуудаар тараад байгаа. Энэхүү мэдээллийн үнэн бодит байдлыг тодруулах үүднээс ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.  

Тэрбээр “Энэ хэргийн талаар нэр бүхий мэдээллийн сайтууд 34 хүн хутгалууллаа, мөрийтэй тоглоомын газар байсан гэхчлэн мэдээлж байгаа. Эдгээр мэдээллүүд ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг онцолмоор байна” гэсэн юм.  

Хэргийн бодит нөхцөл байдлын талаар “2016 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 00:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах орон сууцанд зодоон болоод байна гэсэн мэдээллийг иргэдээс цагдаагийн байгууллагад өгчээ. 

Мэдээллийн дагуу шалгахад тус орон сууцанд байсан 10 хүн рүү хэсэг бүлэг этгээдүүд дайран орж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс ашиглан дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байсан. 

Хэргийн улмаас их хэмжээний мөнгө болон бусад эд зүйлс алга болсон. Уг гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн газар болон дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн түргэн шуурхай шалгаж А, Б гэх этгээдүүдийг баривчлан, саатуулаад байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Мөн А, Б гэх этгээдүүдтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх нэр бүхий этгээдүүдийг дайчлан баривчлах, алга болсон их хэмжээний мөнгө болон бусад эд зүйлс, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг зэргийг эрэн сурвалжилж олох ажиллагаанууд хийгдэж байна” гэлээ.  

Баривчлан саатуулагдаад байгаа хоёр этгээдийн нэг болох Б нь өмнө нь хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт шалгагдаж байсан бөгөөд уг хэрэг нь одоо шүүх шатанд байгаа аж. Өөрөөр хэлбэл, Б нь батлан даалтад байх хугацаандаа дээрх гэмт хэрэгт холбогдсон байна. 

Харин А нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл эдлээд, өнгөрсөн долоодугаар сард Өршөөлийн хуулиар суллагдсан нэгэн ажээ.