Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Насанцэнгэл: Сэтгэцийн эмгэгээр хэн ч, хэзээ ч өвдөж болдог

Г.Номин, iKon.mn
2016 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Өдрийг өнөөдөр “Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн тусламжийг хүн бүрт хүргэцгээе” уриан дор тэмдэглэж байна.

СЭМҮТ-өөс уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнгөрөгч Баасан гарагт нээлттэй өдөрлөг зохион байгуулсан бол өнөөдөр хэвлэлийнхэнд хандан төвийнхөө үйл ажиллагаа болон сэтгэцийн өвчлөлүүдийн талаар мэдээлэл өглөө.

СЭМҮТ-ийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл " Сэтгэцийн эмгэгээр хэн ч, хэзээ ч өвдөж болдог. 

Дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байна.

Сэтгэцийн эмгэг нь өдөр тутмын бухимдал, зан үйлийн өөрчлөлт нь архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх, хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэх, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг олон сөрөг үр дагаварт хүргэдэг төдийгүй эргэн тойрныхоо хүмүүст болон улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг юм.

Дэлхийн хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байна.

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төвөөс 2013 онд хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй, 17.1 хувь нь нойрны эмгэгтэй, 16.2 хувь нь мэдрэл сульдалтай, 4.4 хувь сэтгэл гутрах эмгэгтэй байгааг тогтоосон" гэлээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авагчид нь ажлын байр, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн дунд ялгаварлан гадуурхагдаж сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байдаг ажээ. Ялгаварлан гадуурхалт тэднийг асуудлаа гэр бүл, найз нөхөд, багш, ажлын хамт олон ойр дотныхонтойгоо ярилцахаас эмээх, бусдаас нуух, мэргэжлийн тусламж авч чадахгүйд хүргэхээс гадна ажил, орон гэр, гэрлэх, нийгмийн идэвхтэй харилцаанаас татгалзахад хүргэдэг байна. 

"СЭМҮТ-ийн эмнэлзүйн сэтгэлзүйч нар ОХУ-ын 45 нэр төрлийн оношлогооны тестийг орчуулан хэрэглэж байгаа. Эхний ээлжинд хүүхдүүдийн мэргэжлээ сонгох, авир араншин, бие хүний хэв шинжийг тогтоох гэх мэт олон талын ач холбогдолтой оношлогоог хийж, шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. 

Өсвөр насны тэр дундаа төгсөх ангийн хүүхдүүд мэргэжлээ зөв сонгох нь бүх насаараа аз жаргалтай ажиллаж, амьдрахын үндэс болдог. Тиймээс өөрийн авир араншин, бие хүний онцлогтоо тохируулан мэргэжлээ сонгох хэрэгтэй юм.

Мөн сүүлийн үед дэлхий дахинд хэрэглэж байгаа гаж нөлөө багатай, шинэ сэтгэц нөлөөт 19 эм бэлдмэлийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд оруулан хэрэглэж байгаа" хэмээн СЭМҮТ-ийн дэд захирал О.Баатаржав хэллээ.

Сүүлийн үед мансуурал болон хүүхдийн сэтгэц зан үйлийн эмгэг ихсэж байгаа учраас СЭМҮТ мансуурлыг илрүүлэх тестийг өөрийн лабораторийг түшиглэн хийж байгаа ажээ. Мөн компьютер тоглоомд донтсон, сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй байгаа хүүхдэд сэтгэл заслыг тусгайлан тохижуулсан өрөөнд насны онцлогт тохируулан хийж байгаа нь үр дүнгээ өгч байгааг хэлж байлаа.

СЭМҮТ-д хандан бие хүний хэв шинж, сэтгэцийн эмгэгүүдийг тогтоох сорил өгөхөд үнэ төлбөргүй юм байна.