Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батжаргал: Өдөрт ТАВАН удаа хооллож чадвал МАШ САЙН

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 8
iKon.MN
 

Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс иргэдэд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр иргэдэд эрүүл мэндийг дэмжих, 

  • эхэд ээлтэй өрөөний үйл ажиллагаа
  • эрүүл мэндээ хамгаалах зөвлөгөө
  • зөв зохистой хооллолт
  • дасгал хөдөлгөөний талаар зөвлөгөө өгч, ясны сийрэгжилт, цусны даралт, биеийн ерөнхий үзүүлэлтийг тодорхойлох багажаар үнэ төлбөргүй үзлэг хийжээ.
 
Энэ талаар НЭМХ-ийн Хоол Судлалын Төвийн дарга Ж.Батжаргал “Манай НЭМХ иргэдэд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.
НЭМХ хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй орчны сөрөг хүчин зүйлүүд, тэдгээрийн шалтгаан үр дагаврыг судалж, сэргийлэх арга зөвлөгөөг өгөх арга хэмжээг зохион байгуулдаг үүрэгтэй.  

Энэ үеэр мэдээлэл сурталчилгаа, зөвлөгөө өгөх зорилгох эрүүл мэндийг дэмжих “Эхэд ээлтэй” өрөөг нээсэн байгаа" хэмээн тайлбарлалаа.

Зөв хооллолт өглөөний цайнаас эхэлнэ

Мөн бид өдөрлөгийн үеэр Ж.Батжаргал эмчээс зохистой хооллолтын талаар зөвлөгөө авсан юм.

 

Тэрбээр зохистой хооллолтын талаар "Зүй зохистой хоололт гэдэг нь өөрийн нас, биемахбодын онцлог, ажил мэргэжил зэрэгтээ тохируулан хооллохыг хэлнэ. Зөв хооллолт яах аргагүй өглөөний цайнаас эхэлнэ.

Монголчуудын ихэнх нь өглөөний цай уудаггүй гэдэг нь олон удаагийн судалгаагаар батлагдсан байгаа. Өглөө өлөн яваад өдөр кофе уух, шарсан хуурсан хоол идэх, түргэн хоол идэх нь маш буруу юм.

Өдөрт хооллох тоо

Зөв зохистой хооллолтын зөвлөмжөөр өдөрт доод тал нь гурван удаа, болж өгвөл 4-5 удаа хооллох хэрэгтэй. Таван удаа хоолловол маш сайн.

  • Өглөөний цай уух
  • Үдээс өмнө хөнгөн хоол идэх
  • Өдөр болж өгвөл нэг, хоёрдугаар хоол идэх
  • Үдээс хойш хөнгөн цай уух
  • Оройн хоолыг долоон цагаас өмнө идэх хэрэгтэй.

Нэг удаад идэх хэмжээ

Мөн нэг удаад хооллох хооллолтын хэмжээ маш чухал. Өлөн явж байгаад 400 гр-500 гр-аар хэт их идэх нь аюултай. Нэг удаа идэхдээ 200-250 гр хоол идэх нь зүйтэй.

Хоолны найрлага

МАХ: Монгол хүний физиологийн нормоор зуны цагт өдөрт 150 гр, бусад улиралд 200 гр мах идэхэд зөв хооллотонд тооцогдоно.
ӨӨХ ТОС: Ханасан өөх тосны хэрэглээг багасгах хэрэгтэй. Тослог ихтэй сүү, бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн тос ихтэй байдаг. Түүнчлэн транс тосноос бүр мөсөн татгалзаж, ургамлын гаралтай тосыг хэрэглэнэ.
САХАР: Сүүлийн үеийн судалгаагаар сахарын хэт их хэрэглээ таргалалт, илүүдэл жинг үүсгэдэг. Улмаар хорт хавдар үүсгэдэг байна. Чихэр, шоколад, сахар ихээр хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Тухайлбал: Шоколадыг нэг удаад идэх хэмжээгээр хувааж өгсөн байдаг. Хар шоколадыг үдээс өмнө 1-2 ширхэг идэхэд зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
ДАВС: Монголчуудын давсны хэрэглээний стандартыг 1990-ээд оны үед өдөрт 15 гр гэж үзэж байсан. 2013 оны судалгаагаар 11 гр болгон тогтоосон бол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 5-6 гр хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөж байгаа. Тэгэхээр давсны хэрэглээг багасгах нь хамгийн зүйтэй.

Таргалалтаас сэргийлье

Таргалалт сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж байна. Зөвхөн насанд хүрэгчид ч биш бага насны, өсвөр насны хүүхдүүдийн дунд таргалалт нэмэгдэж байна. 

Энэ нь зохисгүй хооллолт болон хөдөлгөөний хомсдолоос шууд шалтгаална. Тэгэхээр өөрт тохирсон хэмжээгээр хоолоо идэж, тогтмол хөдөлгөөн хийх нь чухал юм" гэж зөвлөлөө.

Статистик мэдээ

НЭМХ-ийн 2013 оны судалгаагаар судалгаанд оролцсон нийт хүн амын 54.4 хувь нь илүүдэл жинтэй, 19.7 хувь нь таргалалттай, 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдол бүхий эрсдэл бүлэгт багтаж байгааг тогтоожээ. Түүнчлэн 61.9 хувь нь цусан дахь нийт холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй, эрэгтэйчүүдийн 49.1 хувь нь тамхи татдаг, эмэгтэйчүүдийн 5,3 хувь нь тамхи тус тус татдаг байна.