Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Чойжилсүрэн: Ирэх онд манай улс зээлийн төлбөрт 6.6 их наяд төгрөг төлнө

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас 2017 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас ирэх оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийсэн юм. 

Мэдээллийн эхэнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Төсвийн төслөөр 2017 онд Тавантолгой, Гацууртын орд болон Оюу Толгойн далд уурхайн ажлыг эрчимжүүлэх зэргээр том төслүүдийг хэрэгжүүлснээр 2017 онд эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэхээр тооцоолсон.

Нэгдсэн  төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцохдоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөртэй уялдуулсан” гэдгийг онцолж байв. 

Мөн ирэх онд татварын бодлогыг тогтвортой байлгаж, татварыг нэмэгдүүлэхгүй байх бодлого баримталж, шинээр татвар бий болгохгүй гэлээ. 

Түүнчлэн Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг ашигтай ажиллуулах үүрэг өгчээ. 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Боловсролын зээлийн санг 101.5 тэрбум,  Насны хишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 20.5 тэрбум,  2017 оноос зорилтот бүлгийн гэр бүлд хүүхдийн мөнгийг олгоно. 2019 оноос эхлэн бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг нөхөж олгохоор төсвийн төсөлд суулгасан байна.

Мөн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ноос, хүнсний улаан буудайн урамшуулалд зориулж 54 тэрбум, “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”, “Соёл урлагийг дэмжих” санг тус тус шинэчлэн байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэхээр тооцож сан тус бүрд 3 тэрбумыг тусгасан байна.

Ингэснээр Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5 их наяд 974 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8 их наяд 564 тэрбум байна.

Харин төсвийн алдагдал 2 их наяд 589 тэрбум буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангаж байгаа ажээ. 

Сангийн сайд ийнхүү мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэе.

 
Гэрэл зургийг mpa.mn

-Ирэх онд цалин нэмэгдэх үү. Хэрэв нэмэгдэх бол үүнд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ?

-2017 оны төсөвт цалин, тэтгэврийг одоогийн байгаа түвшинд нь хадгалах шийдвэр гарсан. Нэгдсэн төсвийн орлого хангалттай нэмэгдэж чадаагүй байгаа. Тиймээс цалин энэ оны түвшиндээ байх болно.

-Ямар бүтээн байгуулалтууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Тавантолгой төслийг урагшлуулна. Төмөр замын төсөл, Тавантолгой цахилгаан станц, Гацууртын орд зэрэг төслүүдээ урагшлуулах гэх мэт том том төслүүдийг ирэх оны хавраас хэрэгжүүлэх эхлэхээр тусгасан. 

-Өр зээлийг хэрхэн төлөх вэ?

-Бондыг бондоор төлөх арга хэмжээ авахаас биш төсөв алдагдалтай байгаа үед дахин төсвөөс санхүүжүүлэлт гаргах боломж байхгүй. 

-Хэдэн төгрөгийн бонд гаргах вэ. Ирэх онд манай улс хэчнээн төгрөгийн өр төлөх ёстой вэ?

-Нийт гаргах зээлийн үйлчилгээний төлбөр нь 6.6 их наяд төгрөг. Төсвийн орлогоос давсан байгаа нь нууц биш. Тиймээс энэ хэмжээний бонд гаргах эсвэл урьд нь гаргасан бондоо хойшлуулах  менежмент хийнэ.

-Стэнд байд хамрагдах тал дээр ОУВС манайд ямар хариу өгч байна вэ?

-Наймдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ажилласан. Хүмүүс буцсаны дараагаар Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан захидлыг ОУВС-д илгээсэн.

Захидлаар нь ОУВС-гийн техникийн багийг аравдугаар сарын дундуур манайд ажиллуулахыг хүссэн. Үүний дагуу ирэх сарын дундуур ОУВС-гийн техникийн баг манай улсад ажиллана. Түүний дараа хэлэлцээрүүд үргэлжилж, Стэнд байд хамрагдах эсэх нь тодорхой болно.