Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

“ГХО татахад Санхүүгийн салбарын гүйцэтгэх үүрэг” хэлэлцүүлэг эхэллээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монголын Банк Санхүүгийн Академиас өнөөдөр “Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтыг татахад Санхүүгийн салбарын гүйцэтгэх үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Монголын санхүүгийн салбарын төлөөлөл 100 орчим хүн оролцож байгаа юм. 

БСА-ийн Зөвлөлдөх бүлгэмийн гишүүн Д.Бат-Очир “Гадаад зах зээл Монгол Улсын эрсдлийн түвшинг хүлээн авч буй байдал” сэдвээр илтгэл тавилаа. 

Тэрбээр илтгэлдээ “Moody’s гаргасан судалгаагаар манай улсын эрсдэл B түвшинд байна. Энэ үнэлгээ цаашид буурах боломжтой. Үнэлгээг одоогийн түвшинд хүргэхийн тулд Засгийн газар төсвийн хүндрэлийг давах чиглэлээр арга хэмжээ авах хэрэгтэй. Тухайлбал төсвийн алдагдал тогтворжих хандлага, эдийн засгийн өсөлтийг сэргээх зэрэг арга хэмжээ авах нь чухал юм.

Өнөөгийн түвшинд хөрөнгө оруулалт орж ирэх үү гэдэг биднээс өөрсдөөс шалтгаалж байна. Бид ерөнхий зохицуулалтын орчиндоо хэт анхаараад байгаа. 
Манай улсын хувьд далайд гарцгүй гэдгээс бусад хүчин зүйлээр боломж ихтэй байна. Мөн дотооддоо тайван, үндэсний мөргөлдөөнгүй. 

ГОЛ СУЛ ТАЛ нь нийгэм эдийн засгийн бодлогын хэрэгжилтийн болон бодлогын тодорхой орчин, залгамж чанар хангалтгүй. Хөрөнгө оруулагчид эрсдлээ удирдах гэхээр орчин нь байхгүй сул тал байна. Энэ нь хөгжлийг гацаагаад байгаа зүйл юм болов уу. 

Монгол Улс ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ авахад бэлэн үү? гэвэл

Эдийн засгийн боломж эерэг байгаа хэдий ч ерөнхий эдийн засгийн болон тусгайлсан салбар, хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлогын орчин сул, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын хоорондын харилцааг зохицуулах нийтлэг болон тусгайлсан эрх зүйн орчин сул байна. 

Микро орчиндоо дотоодын хөрөнгө оруулагчдад ГХО-той түншлэлийн замаар хамтран ажиллахад анхаарах нь чухал байна” хэмээн онцлов.


Өнөөдрийн хэлэлцүүлгийг санхүүгийн салбарын дэд бүтэц, хөрөнгө оруулагчдад тулгарах бэрхшээл, үүрэг хариуцлага, тулгамдаж буй асуудлууд сэдвээр зохион байгуулна.