Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Аравдугаар сарын 1-нд ахмадын өдрийг “Насаар ялгаварлан гадуурхахыг зогсооцгооё” уриан дор тэмдэглэнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Манай улс 1992 оноос жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг албан ёсоор ахмадын өдөр болгон тэмдэглэж байгаа билээ.

Энэ жил  Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Геронтологийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран тус өдрийг “Насаар ялгаварлан гадуурхахыг зогсооцгооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Монголын хүн амын дундаж наслалт жил ирэх тусам нэмэгдэж өнгөрөгч оны байдлаар 69.89 нас,эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.84, эрэгтэйчүүдийнх 66.02 байна.

2015 оны байдлаар 244,162 ахмад настан байна. 

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий дээр 600,000 сая ахмад настан амьдарч байгаа бол 2025 онд 1.2 тэрбум, 2050 онд дэлхийн түүхэнд анх удаа настайчууд хүүхдүүдээс олон болно гэж тооцоолсон.

Манай улсын хувьд 2010 онд 60 болон түүнээс дээш насныхны хүн амд эзэлж хувь нь 5.9 байсан бол  2030 онд 12 хувийг эзлэх, 2056 онд хүүхдүүдээс олон болно хэмээн таамаглаж байна. Үүнээс үзвэл ирээдүйд ажиллах хүчний бүтцэд өөрчлөлт орж хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах ахмадын тоо нэмэгдэх хандлагатай байна. Иймд одооноос ахмад настанд ээлтэй орчин бүрдүүлж, эрүүл насжилтыг дэмжих хэрэгцээ шаардлага урган гарч байна.

Ахмад настнуудын тулгамдсан асуудлын нэг нь нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох боломж хязгаарлагдмал байдаг. Олон улсын туршлагаас үзэхэд ажил олгогчидын зүгээс ахмадад ээлтэй ажлын орчин бүрдүүлэх, тэдний нөөц боломжийг залуу үеийг сурган хүмүүжүүлэхэд ашиглах, нийгмийн хөгжилд  татан оролцуулах зэргээр дэмжиж байна. 2012 онд хийгдсэн судалгаагаар 60-аас дээш настай 5,000 (2,3%) орчим хүн л хөдөлмөр эрхэлж байсан байна.

Залуу үеийг ажлын байран дээр дадлагажуулах, дагалдан сургахад ахмадын оролцоо чухал бөгөөд нийгмийн хөгжилд оролцох, ажиллах хүсэлтэй ахмадууддаа тохирсон ажлын байраар хангах, тэдэнтэй хамтран ажилласнаар тэдний нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, залуу үеийнхний мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх боломжийг олгох юм.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд хийгдэх ажлууд:

  1. Өдөрлөг зохион байгуулах- Олон нийтийн анхаарлыг ахмад настны асуудалд хандуулах, эрүүл идэвхтэй урт наслалтыг бүх насны хүмүүст сурталчилан таниулах зорилгоор бүх насны иргэдийн төлөөлөл 100 хүн оролцуулан 9 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгуулна.  
  2. Үзэсгэлэн гаргах- Өдөрлөгийн үеэр настнуудын сайн туршлага, бүтээлийг олон нийтэд танилцуулах, тэдний нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг сурталчилна.
  3. Ахмад настнуудын нийгмийн асуудлаар мэдээлэл сурталчилгааны материал боловсруулж олон нийтийн цахим сүлжээгээр түгээх зэрэг ажлуудыг хийнэ.