Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын хүүхдүүдэд ДУЛААН ХУВЦАС, МӨНГӨӨР туслах аянг эхлүүллээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын Хамген мужид  наймдугаар сарын сүүлээр болсон их хэмжээний үер, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон хүүхдүүдэд туслах аяныг “Амьдрах ухаан төв”, “Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо”, “Туслах цэг сан” зэрэг байгууллагууд эхлүүллээ.  

Үерийн гамшгаас болж 138 хүн амь насаа алдаж, 400 гаруй хүн сураггүй болсон. Харин гэр оронгүй хүний тоо 68 мянган хүрээд байна. Хойд Солонгосын төр засгаас Монгол, Куба, Вьетнам зэрэг цөөн хэдэн оронд тусламжийн гараа сунгах хүсэлт тавьсан билээ.

Монголын ард түмэн Солонгосын дайны үед болон дараах сэргээн босголтын хүнд хэцүү жилүүдэд сэтгэл санааны болон эд материалын туслалцааг үзүүлж байсан түүхтэй.

Тусламжийн аяныг хоёр чиглэлээр явуулах тухай Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбооны тэргүүн С.Чулуунбаатар “Нэгдүгээрт бид хандивын данс нээж байгаа. Хоёрдугаарт иргэдэд хандаад хүүхдийнхээ хуучин, дулаан хувцсыг цуглуулж өгөхийг хүсэж байна. БНАСАУ-ын Элчин сайдын яамныхантай ярилцахад юуны өмнө орон гэргүй болсон хүмүүсийг байрлуулж буй газрыг дээвэрлэх мөнгө, хүүхдүүдэд дулаан хувцас хэрэгтэй байна гэсэн.

Тиймээс иргэд хороо хорин, байраараа нийлж дулаан хувцасаа цуглуулж бидэн рүү холбогдвол бид машинтай очиж авах болно. Цуглуулсан мөнгө, хувцас, эд зүйлсийг БНАСАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэж өгснөөр тусламж эзэндээ очно. Тухайн орны улс төрийн байдал, үзэл санаа бидэнд хамаагүй. Хамгийн гол нь хүүхдүүдийг хөлдөж үхэх аюулаас аврах бодлого, зорилготой байна” гэв.

Үер болсон Хамген мужид 10 дугаар сараас эхлэн цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс тэдэнд тусламжийн гараа сунгах хүсэлтэй байгаа хүмүүс 98984576, 98984575, 88890682 утсаар холбогдоорой.

Мөн Төрийн банкны 240109871209 /Туслах цэг сан/ дансанд хандив өгөх боломжтой.