Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Made in Germany" Герман-Монголын бизнесийн өдрүүд болно

Б.Ану
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран ирэх сарын 11, 12-нд Шангри-Ла зочид буудалд энэ жилийн Герман-Монголын бизнес өдрүүд буюу "Made in Germany“ өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Герман-Монголын бизнесийн өдрүүдийг GIZ-ийн ЭТИС хөтөлбөрөөс санаачлан зургаа дахь удаагаа зохион байгуулж байгаа ба тус арга хэмжээний зорилго нь хоёр талт хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Герман болон Монгол хоёр орны хооронд технологи, ноу-хауг дамжуулах юм.

Бага хурал, түүнийг дагалдах үзэсгэлэнд 50 гаруй Герман, Монголын компани оролцон хамгийн сүүлийн үеийн технологи, орчин үеийн удирдлагын аргуудын тухай мэдээлэл хүргэж, өөрийн түншүүдтэйгээ туршлагаа солилцох юм байна.  Тус арга хэмжээний нээлтийн ёслол ирэх сарын 11-ны 09.00 цагт болох ба хүндэт зочноор Монгол Улсын Үндэсний Хөгжлийн Газрын дарга Б.Баярсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел болон бусад төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцоно. 

Үндсэн илтгэлийг Компанийн сайн засаглал сэдвээр Германы компанийн засаглалын зарчим, кодексийг боловсруулсан олон улсад танигдсан судлаач Проф. Др. Кристиан Штренер тавих юм байна. 

Нээлтийн дараагаар Монгол, ХБНГУ, АНУ, БНХАУ, Австралийн бизнес эдийн засаг, эрдэм шинжилгээний салбарт нэр хүндтэй төлөөлөгчид илтгэл, танилцуулга мөн Master Class семинарыг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Энэ жилийн үндсэн чиглэлүүд нь:

  • Компанийн удирдлагын менежмент, 
  • газар тариалан, 
  • текстил – бэлэн хувцасны технологи, 
  • эрчим хүч байх ба эдгээр чиглэлээр төлөвлөсөн мэргэжлийн арга хэмжээнүүд чуулганы бүрэлдэхүүн хэсэгт багтаж, өнгөрсөн жилүүдийн адил өргөн хүрээний ороцогчдод сонирхолтой ярилцлага, шинэлэг мэдээллийг хүргэх талаар зохион байгуулагчид мэдээллээ.

 Энэхүү хоёр өдрийн арга хэмжээ олон нийтэд нээлттэй, төлбөргүй байх ба та бүхнийг Шангри-Ла зочид буудалд ирэх сарын 11,12-ны өдрүүдэд хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид нь урьж байна.