Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Онгоц саатуулсан иргэн Сирийн дүрвэгч биш гэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сириэс ирсэн хоёр иргэний нэгийг Монгол Улсын хилээр нэвтрүүлээгүйгээс болж онгоц саатуулсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл Гадаадын Иргэн, Харъяатын газраас уг асуудлын талаар албан ёсны тайлбар өглөө. Тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

АЛБАН ЁСНЫ ТАЙЛБАР:

Туркийн “Turkish Airlines” авиа компанийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өчигдөр /2016.09.27/ 11.00 цагт Чингис хаан нисэх буудалд газардаж, 12.05 цагт буцаад хөөрөх байсан ч хойшилсон. 

Тус онгоцоор манай улсыг зорин ирсэн Сири улсын иргэн Ahmed Jawal Husseini–г Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас нэвтрэн орохыг хориглосон байсан байна.

Тиймээс олон улсын иргэний агаарын тээврийн дүрмийн дагуу тухайн иргэнийг тээвэрлэж ирсэн авиа компани буцаан тээвэрлэх үүрэг хүлээдэг байна.  Харин манай улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон дээрхи зорчигчийн биеийн байдал муудсаны улмаас харзнаж, онгоцны нислэгийг шөнийн 02.45 цаг хүртэл хойшлуулжээ.

Тэрээр өмнө нь манай улсад 2012,2014,2015 онуудад нэвтэрч байсан бөгөөд 2012 онд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 42.1.11 дэх заалт /визийн хугацаа, журмын талаар хүлээсэн үүргээ зөрчсөн уригчийг гадаадын иргэн тус бүрээр тооцон энэ хуулийн 42.1.9, 42.1.10-т зааснаар торгоно/-ын дагуу захиргааны арга хэмжээ авхуулж байсан байна. 

Хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу түүнийг тус улсад нэвтрүүлэхээс татгалзсан бөгөөд Сири улсаас дүрвэсэн дүрвэгч биш юм.   

Гадаадын Иргэн, Харъяатын Газар