Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засгийн хүндрэлээс гарахад Дэлхийн банк тусална гэдгээ мэдэгджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 9 сарын 28
iKon.MN
 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өчигдөр Дэлхийн банкны  төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Дэлхийн банкны БНХАУ, Монгол, Өмнөд Солонгос улсуудыг хариуцсан бүсийн захирал Берт Хофман, Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон болон бусад албаныхан байв.


Ноён Хофман уулзалтын эхэнд Монгол Улс өнгөрсөн 20 гаран жилд олон сорилттой учирч байсан ч амжилттай давж гарч байсныг цохон тэмдэглэв. Тэрээр Монгол Улс энэ удаа эдийн засагт нь тулгарч буй бэрхшээлүүдийг ч мөн амжилттай даван туулж чадна гэдэгт итгэж, Дэлхийн банкны зүгээс хамтарч ажиллахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төв банкны засаглалыг сайжруулж институцийн тогтолцоог хөгжүүлэх, цаашид Монголд орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг илүү зөв хэлбэрээр тогтвортой үргэлжлүүлэх арга замыг хайж олоход Дэлхийн банктай хамтарч ажиллах хүсэлтэйгээ онцлов. Эдгээр зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд Дэлхийн банкны мэргэжилтнүүдээс зөвлөмж, техник туслалцаа авахаа илэрхийлэв.

Монгол Улс нь 1991 онд Дэлхийн банкны гишүүн болсон бөгөөд түүнээс хойш манай орны дунд болон урт хугацааны нийгэм эдийн засагт эерэг өөрчлөлтийг бий болгосон олон төсөл хөтөлбөрүүд тус байгууллагын шугамаар хэрэгжиж ирсэн байна.