Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн ерөнхийлөгч асан Шимон Перес 93 насандаа таалал төгслөө

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Израйль улсын амьд түүх гэгддэг, тус улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдын албыг хашиж байсан, Нобелийн энх тайвны шагналт Шимон Перес өнөөдөр 93 насандаа таалал төгссөнийг Израйлийн YNet агентлаг мэдээллээ.

Тэрээр хоёр долоо хоногийн өмнөөс бие нь муудаж эмнэлэгт хэвтээд байсан юм.

Шимон Перес 1923 оны наймдугаар сарын 2-нд тухайн үед Польшийн захиргаанд байсан Вишневад төржээ. 1934 онд Палестинд гэр бүлийн хамт шилжин суурьшсан.

Дал гаруй жил Израйл орны төлөө зүтгэсэн Шимон Перес бол Израйлийг үндэслэгч эцэг гэгддэг Дэвид Бэн Гурионы залгамжлагч.

20 гаруй насандаа Израйлийн батлан хамгаалах яамыг тэргүүлж тус улсын анхны цөмийн зэвсгийг бүтээхэд оролцож байсан. 1959 онд анх парламентын гишүүнээр сонгогдсон ба түүнээс хойш засгийн газар бүрт батлан хамгаалах, санхүү, гадаад хэргийн яамдыг удаа дараа тэргүүлж байжээ.

Мөн гурван ч удаа ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэсэн юм.

Анхны Израйль-Палестины энхийн хэлэлцээрийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэснийхээ төлөө Нобелийн энх тайвны шагналыг гардаж байлаа.

Түүнийг хамгийн алдартай Израйль хүн гэж нэрлэх нь бий.

Шимон Пересийн хэлсэн гайхалтай мэргэн үгсийг энэ холбоосоор унших боломжтой.

 

Эх сурвалж: ABCnews