Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

УБТЗ-ын даргын томилгоог улс төртэй хутгахгүй байхыг хүслээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргыг сонгох хурал өнөөдөр Москва хотноо болох гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийж, Ерөнхий сайдад захидлаар болон албан бичгээр хандаж буйгаа мэдэгдлээ. 

Төмөр замын ТУЗ гэж хэлж болох УБТЗ-ын Ерөнхий хорооны Монголын талын гурван гишүүнийг хэдхэн хоногийн өмнө шинэчлээд байгаа. Хувь нийлүүлэгчдийн хурлаас Монголын тээвэрчдийн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоо, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Ганболд нарыг чөлөөлж Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт, орчуулагч Н.Буяндэлгэр нарыг томилсон билээ. 

Харин Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонынхон дээрх томилгоонд сэтгэл дундуур байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Тиймээс Ерөнхий сайдад албан бичгээр хандан уг томилгоог Оросын талтай зөвшилцөн эргэн харах боломж байгаа эсэхийг лавлажээ. Тэд Ерөнхий хорооны гишүүдийг төмөр замын ажлын туршлагатай, мэргэжлийн хүмүүс байх ёстой гэж үзэж байгаа аж. 

Ингээд зогсохгүй өнөөдөр Москва хотноо шийдэгдэх Төмөр замын даргын асуудалд улс төрийн нөлөө оруулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нараас хүсч буйгаа мэдэгдлээ. 

УБТЗ-ын даргаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэрс дуулдах болсон. Эдэн дунд мэргэжлийн төмөр замчин нэг ч байхгүй бүгд улстөрч, тэдний гар хөл болсон хүмүүс гэдгийг ҮЭХ-ныхон онцолж байв. Ялангуяа УИХ-ын гишүүн асан Д.Загджав төмөр замын даргыг томилох асуудлыг хэлэлцэх багт багтаж ОХУ-рүү ниссэн нь УБТЗ-ын даргын томилгоо улс төртэй хутгалдаж буй тод жишээ гэж байлаа. 

Тэд захидалдаа “УБТЗ-ын даргыг томилох улс төрийн тохиролцоо нь төмөр замчдын хүсэл сонирхлоос ангид болж, Дэлэгийн Загджав хэмээх төмөр замын үнэр ч үгүй улс төрч хүнээр УБТЗ-ын удирдлагын бүтэц, ирээдүйн хувь заяаг жолоодуулах улс төрийн тохиролцоо явж байж болзошгүй талаарх мэдээлэл тарсан. Д.Загджав нь ОХУ руу ниссэн зэрэг нь хардлага төрүүлж байна. 

Сүүлийн жилүүдэд УБТЗ-д улс төрийн томилгоо хийгдэх болсноор мэргэжлийн бус хүмүүст орон тоог шинээр гаргах болсон нь төмөр замчдын дургүйцлийг төрүүлэхийн зэрэгцээ шударга ёсоор хөдөлмөрөө үнэлүүлж албан тушаал ахих нөхцөл бололцоог хаагдуулж байна” гэлээ.