Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн бүтээсэн “Монгол хэлний цахим толь”-ийн мөн чанар юу вэ?

МОНСУДАР
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Шүүмж -

Ямар ч улсын ерөнхийлөгч олон нийт хувь хүмүүсээс гарч буй бүтээлч ажил, санал санаачилгыг дэмжин сайн сайхан зүйл бүтээж улс орноо хөгжүүлдэг. Гэтэл ард иргэдийнхээ хүч хөдөлмөр шингээн хийж бүтээж байгаа бүтээл бүтээгдэхүүнийг дэмжих бус булаан авч ерөнхийлөгчийн санаачилга гэх нэр зүүгээд төрөөс санхүүжүүлэн өөрийн хийсэн ажил болгож  нэр хөдөрч буйг харсаар суухын аргагүйд хүргэж байна. Энэ байдал даамжирсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажиллагаанд бүр шууд оролцдог болов. Хувийн хэвшил, компаниудын татварын мөнгөөр бүтээгдэхүүн хийгээд тэрийгээ ерөнхийлөгч бүтээлээ хэмээн чихэнд чимэгтэй гоё ганган үеэр олон нийтэд мэдээлж өөрийн нэрийг өргөх явдал хэрээс хэтэрлээ. 

Тэрхүү бүтээгдэхүүнээ олон нийтэд үнэгүй тарааж, цахим орчинд байршуулахад нь улмаар ард түмэн  үнэгүй зүйл хэрэглэнэ хэмээн баярлан хүлээж авч байна. Массыг баярлуулж, ерөнхийлөгч өөртөө үнэлгээ авахын тулд тэрхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж амьдралаа залгуулдаг цөөнхийг (хувийн хэвшлүүдийг) хүнд байдалд оруулж байна.

Жишээлбэл: Ерөнхийлөгч төрийн мөнгөөр оймс үйлдвэрлээд үнэгүй тараавал ард иргэд баярлаад булаалдан авах ч, оймс үйлдвэрлэдэг бусад үйлдвэрүүд дампуурах нь тодорхой. Ерөнхийлөгч нь юу ч хийчихээд үнэгүй тарааж мэдэх учраас хувийн хэвшлүүд хохирлоос сэрэмжилж ямар ч ажил хийж эхлүүлэх боломжгүй болоод байна. Уг  үйлдэл нь 2014 оноос ном толь зохиож хэвлэдэг хэвлэлийн салбар луу чиглэв. Үүний нэг жишээ нь монгол хэлний толиудын өв уламжлал дээр түшиглэн богино хугацаанд  хийлээ гэж сайрхан танилцуулсан “Монгол хэлний цахим тайлбар толь”. 2008 онд хэвлэгдсэн байсан Монгол хэлний тайлбар толь 5 ботийн цаасан хувцсыг цахим болгочихоод иргэд олон нийтийн мэдэхгүйг далимдуулан шинээр хийсэн мэт ярьж хэлэх нь үнэхээр гайхмаар.

 Цаасан толийг цахим хэлбэрт оруулах  ажил нь мөн чанартаа  сүр бадруулсан ерөнхийлөгчийн санаачилга,  төрийн оролцоо гэх нэр зүүлтгүйгээр хэдхэн программист, үг хуулж шивэх бичээч нарын л хийчих ажил. Толь хийнэ гэдэг бол мэргэжлийн байгууллагын хийдэг шат дараалалтай суурь судалгаатай урт хугацаа шаардагддаг  ажил юм.

Ерөнхийлөгч та хэвлэгдсэн толийн хэлбэрийг өөрчилчихөөд толь хийлээ хэмээж буй  нь  бидний 6 жилийн турш судалгаа явуулж судалгаан дээрээ үндэслэн хийж байгаа монгол хэлний цахим толийн ажлыг үнэгүйдүүлж байгаа төдийгүй, эх хэлний боловсролын асуудлыг зөвхөн  үг өрөх асуудал төдийхнөөр сэтгэсэн муу арга хэлбэрээс салж чадахгүй байгааг тань үүгээр илэрхийлэхийн  сацуу ерөнхийлөгч хүний ажил үүргээ бодолцох, мөн урт насгүй, залгамж холбоогүй богино хугацааны чанаргүй ажил эхлүүлээд ч хэрэггүй тухайд ул суурьтай хандаж байхыг хүсье.

Таны үг хэлж нээлт хийсэн цахим толь нь монгол хэлний нэгдмэл байдлыг хадгалах бус, хожмоо үр хойч нь эх хэлэндээ эргэлзэх, хожим журамлахад ч бэрх болохоор замбараагүй байдлын эхлэлийг тавьж байна.

  1. Нэг үг зөв бичгийн хувьд зөрүүтэй хэд хэдэн янзаар орсон байгаа нь иргэдийг төөрөгдөлд оруулна. Жишээ нь: твитер, твиттер, (мөн жиргээ гэж орчуулгаар орсон байна)  ависан, авьсан, йог, иого, ёог, чээж, цээж гэх мэт.
  2. Тайлбар толь нь “Зөв бичихзүйн дүрэм болон толь”-доо  нийцсэн байх ёстой. Мөн толь бичгийн стандарт, зарчмыг баримтлах учиртай. Нэг хэсэг нь журамлах гээд /журамласан 700үг/ байдаг, нөгөө хэсэг нь дураар тавих гээд байдаг. Эрдэмтэн мэргэд нь минийх зөв, би ингэж бодож байна хэмээн мундаг мэдлэгтэн болох өөр хоорондоо зөрчилдсөн хувилбарууд оруулах нь бас л төөрөгдөлд оруулах аж.
  3. Толгой үг бүр нь монгол бичгийн хадмалтай гэсэн хэрнээ азгүйтэх, дайд, дүнчүүр, соёмбо, журнал, чигчий   гэх мэт олон үгсийн монгол бичиг нь буруу, зарим үгэнд монгол бичиг хадаагүй байна.
  4. Язгуур нэгтэй үгсийг буруу галигласан тохиолдлууд бас цөөнгүй байна. Жишээ нь: техник технологи гэх үгийн х-ийг х,г-ээр 2 өөр галигласан, Цэс-цесе гэж галигласан атлаа цэслэх-чиселэх гэж галигласан гэх мэт
  5. Ерөнхийлөгч цахим толийн нэг дэвшил, давуу тал нь энэ толийг байнга баяжуулж, хөгжүүлэх боломжтой гэж шагшин дурдаж, үүнд хөөрцөглөсөн иргэд зоргоороо үг оруулж, тэр нь олон нийтийн санал болгосон үг гэсэн улаан тодотголтой байх аж. 2016.04.04-ий байдлаар олон нийт 1,250 үг оруулжээ. Энэ зүгээр л тоо. Чанарыг нь нягталбал: Зарим үгс нь хайлтаар гарч ирэхгүй байгаа бөгөөд заавал олон нийтийн санал болгосон үг гэсэн хэсгээр дамжин орж харах боломжтой. Жишээ нь: нанчин (нанчмаг),  адуулах III,  дультраа гэх мэт.
  6. Хэрэв олон нийтийн санал болгосон үг толийн үндсэн үгийн санд байгаа үгстэй давхардсан тохиолдолд хайлтаар гарч ирэхгүй. Заавал олон нийтийн санал болгосон үгс гэсэн хэсгээр дамжин  үг бүрийг нэг бүрчлэн харж, тухайн үгээ олох боломжтой юм. Жишээ нь: гяван, хязгаарлалт, элэг татах,  авшиг гэх мэт.
  7. Хэлзүйгээр хувилгасан үгсийг тольд толгой үг болгон оруулдаггүй. Нэр үгийг нэрлэхийн тийн ялгал;  үйл үгийг “үйлт нэрийн -х” нөхцөлөөр хувилган оруулдаг. Үүнийг мэдэхгүй олон нийт хайсан үг нь байхгүй болохоор шинэ үг гэж эндүүрэн, нэмээд байна. Гэхдээ тэдний буруу биш юм. Жишээ нь: байснаа, умайсан, өмнөөс, анхаар, гэсээр,  эсвээс, барилгачид, хэн мэдлээ, гардалавчтан, нис гэх мэт алдаа олон. Олон нийтийн санал болгосон үгээс гадна толийн үндсэн үгийн санд эргэлзээ нэлээд буй.

Тиймээс энэ толийн хариуцагчид үг нэмэх, утга дэлгэрүүлэхдээ анхаарах тодорхой зарчмыг боловсруулж, шаардлагыг хангахгүй байгаа нь автоматаар устах, засаж оруулах зэргээр бага дээр нь хазаарлах хэрэгтэй. 

Монгол хэл соёлын хүрээлэнгийн захирал Г.Сүлд-Эрдэнэ