Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол болон АНУ-ын ЭСЯам “Америкийн Өдрүүд 2016” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгууллаа

ikon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

2016 оны 9-р сарын 24-25-ны өдрүүдэд Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол) болон Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам хамтран гурав дахь жилдээ  “Америкийн өдрүүд 2016” үзэсгэлэн худалдааг Мишээл экспо төвд зохион байгууллаа.

Америкийн Өдрүүд 2016 үзэсгэлэн худалдаанд Америкийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол улсад албан ёсоор нийлүүлдэг 100 гаруй компаниуд оролцсон юм. Мөн 10,000 гаруй зочид хоёр өдрийн туршид үзэсгэлэнд зочилж шилдэг Америк брэндүүдийг сонирхон үзэж танилцан, хямдралтай үнээр худалдан авалт хийсэн юм. Монгол улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран Америкийн Өдрүүд 2016 арга хэмжээ анх зохион байгуулагдсан 2014 онтой харьцуулахад хоёр дахин их оролцогч, зочдыг татаж чадсан нь Монгол дахь Америкийн брэндүүд амжилттай үйл ажиллагаа эрхэлж байгаагийн илрэл юм.   

Нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр АНУ-с Монгол Улсад Суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт

“АНУ-ын Элчин Сайдын Яам болон АмЧам Монгол байгууллага нь хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, чөлөөт эдийн засгийг дэмжих мөн илүү олон Америк компани, бүтээгдэхүүн үйлчилгээг Монголд авчрахын тулд Монгол улсын засгийн газартай хамтран ажиллаж байгаадаа таатай байна” хэмээн онцлон хэлсэн юм.

Мөн нээлтийн арга хэмжээнд оролцсон Улаанбаатар хотын захирагчийн Дэд Бүтцийн aсуудал эрхэлсэн oрлогч ноён П. Баярхүү хэлсэн үгэндээ

“Жил болгон уламжлал болcон энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар АНУ-ын Элчин Сайдын Яам болон АмЧам Монгол байгууллагатай цаашдаа хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ албан ёсоор мэдэгдье” гэсэн юм.

АмЧам Монголын ТУЗ-ын дарга Жэймс Лиотта нээлтийн арга хэмжээг хааж хэлсэн үгэндээ

“Өнөөдөр энд Америкийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг төлөөлсөн 100 гаруй компани оролцож байгаа гэдгийг хэлэхэд надад таатай байна. Энэ нь бидний 2014 онд анх зохион байгуулж байсантай харьцуулахад хоёр дахин их оролцогчтой байгаа юм” гэсэн юм

Энэхүү арга хэмжээ нь ивээн тэтгэгч гишүүн компаниуд болох Камминс Монгол, Жи-Мобайл, Женерал Электрик Монгол, М-СИ-ЭС Кока Кола компаний FUZE Tea мөн мэдээллийн түншээр ажилласан Блүүмбэрг Монгол ТВ болон Монгол ТВ-ийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдсан юм.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны оффис юм.

Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.