Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт хорт хавдрыг 10 жилийн дотор компьютерийн вирус шиг арилгадаг болно

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 21
IKON.MN
Зураг зураг

Майкрософтын томоохон төсөл дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар удахгүй хүний эсийг програмчилж, буцаан эрүүл төлөвт нь шилжүүлж болдог болсноор хорт хавдар мэтийн өвчнийг яг компьютерийн вирус шиг эмчилдэг болох гэнэ.

“Biological computation” нэртэй судалгааны нэгжийг Майкрософт өөрийнхөө дотоод бүтцэд бий болгосон нь хүний эсийг амьд компьютер болгох эцсийн зорилготой.

Эхний ээлжинд тэд хиймэл оюун ухаан (AI) бүхий компьютер бүтээж түүгээрээ өвчин, түүний эмчилгээтэй холбоотой бүх мэдээллүүдийг цуглуулан суралцах ажиллагаа явуулна. Одоогоор асар их хэмжээний судалгааны материалууд байгаа ч хүн бүгдийг уншиж судалж, мэдлэг болгох чадваргүй байгаа юм. Харин компьютер ингэж чадах ба тухайн хүн бүрийн онцлогт тохирсон эмчилгээний арга замыг тогтоож чадах аж.

Үүний тулд биологи, математик, тооцоолох техникийн шинжлэх ухааныг нэгтгэсэн төсөл хэрэгжих ёстой бөгөөд Майкрософт корпораци үүнд хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм.

Хэдийгээр биологи болон компьютерийн ухаан хол мэт санагддаг ч эсийн хүрээнд явагдаж байгаа нарийн процесс нь стандарт дэсктоп компьютерийн дотор өрнөх үйл явцтай тун төстэй гэж энэ төсөл дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд ярьж байна.

Майкрософтын үзэж байгаагаар ийм эмчилгээний арга нь ирэх 10 жилийн дотор бий болох гэнэ.

Уг төслийг удирдаж байгаа Эндрью Филипс эхний таван жилийн дотор өвчнийг таних системийг бий болгох боломжтой гэж Telegraph сонинд ярьжээ.

 

Эх сурвалж: Independent