Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс тэрбум жилд нэг секунд алддаг атомын цагийг өнөөдөр сансарт хөөргөж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 9 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Иргэний болон цэргийн зориулалтаар ашиглах “хүйтэн” атомын цагийг өнөөдөр буюу есдүгээр сарын 15-нд БНХАУ сансарт хөөргөж байна.

Маш өндөр нарийвчлалтай, хэдэн тэрбум жилд нэг секунд алдах боломжтой уг цагийг Бээжин дэлхийд анх удаа сансарт хөөргөж байгаа юм.

Cold Atomic Clock in Space (CACS) нэртэй ийм цагийг өмнө нь АНУ, Европын агентлагууд хөөргөх гэж оролдож байсан ч санхүүжилтийн асуудлаас болоод гацаж байжээ.

Харьцуулбал CACS цагны нарийвчлал GPS-ийн хиймэл дагуулуудын ашигладаг цагаас хэдэн мянга дахин өндөр юм байна.

Өнөөдөр түүнийг Өвөр Монгол дахь сансрын төвөөс Хятадын хоёр дахь сансрын лаборатори болох Тянгон-2-т суулган хөөргөх гэж байгаа гэнэ.

Халуун атомтой харьцуулахад хүйтэн атом нь удаан хөдөлгөөнтэй тул өндөр нарийвчлалтай хугацааны мэдээлэл өгч чаддаг аж.

Анхны ийм цагийг Atomic Clock Ensemble in Space (ACES) нэртэйгээр 1990-ээд оны үед Европын эрдэмтэд зохион бүтээж сансарт хөөргөх гэж байсан ч санхүүжилтээс болоод олон удаа саатаж байжээ. Хятадын зохион бүтээсэн CACS нь хоёр хүн өргөөд явах боломжтой буюу Европын ACES, АНУ-ын NIST-F2 цагнуудаас харьцангуй овор багатай гэнэ.

Уг төсөлд оролцсон профессор Шу Жень “Би оюутан байхдаа анх ACES төслийн тухай сонсож байв. Харин өнөөдөр бид тэднийг гүйцсэн нь зарим нэгэнд таагүй санагдаж магадгүй юм” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

 

Эх сурвалж: IBTimes.Co.UK