Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Жавтий хүртсэн 62 дахь хоног

О.Наранхүү, Өглөөний сонин
2016 оны 9 сарын 9
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Ямар ч засгийн газрыг 100 хоног үйл ажиллагааг нь харж байж үнэлэлт, дүгнэлт өгдөг гэдэг. Тэгвэл Ж.Эрдэнэбат наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын 8-нд Ерөнхий сайдын тамгыг гардан авсан гэж үзвэл хуанлийн 62 хоног болоод л өөрийн намаас “ухамсрын шанаа” авч эхэллээ-

Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайд болоод хоёр дахь сарынхаа нүүрийг үзэж буй өдөр нь өчигдөр. Сонгуулийн үр дүнд, чухамдаа монголчуудын итгэлийг авч байгуулагдсан МАН-ын “мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрын тэргүүн томилогдсоноосоо хойш хоёр дахь сарын босгон дээрээ "ухамсрын шанаа" хүртэж байгааг бид харлаа.

Шанааг олон нийт, ард түмэн ч биш, сөрөг хүчин ч биш гагцхүү түүнийг томилсон Ардын намын парламент дахь бүлгээс өгснөөрөө онцлог. Одоо харвал Ж.Эрдэнэбатын өмнөх хоёр Ерөнхий сайд болох Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нар хэчнээн сайн, муугаараа дуудуулсан ч ядаж л 100 дахь хоног дээрээсээ жавтий хүртэж эхэлсэн байх юм.

Ямар ч Засгийн газрыг 100 хоног үйл ажиллагааг нь харж байж үнэлэлт, дүгнэлт өгдөг гэдэг. Тэгвэл Ж.Эрдэнэбат наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын 8-нд Ерөнхий сайдын тамгыг гардан авсан гэж үзвэл хуанлийн 62 хоног болоод л өөрийн намаасаа “ухамсрын шанаа” авч эхэллээ.

Дээр дурдсанчлан өмнөх Засгийн газруудын тэргүүнүүд 100 хоног дээрээ “100 хоног, 100 хүлээлт, 100 ажил” гэх мэтчилэн хийсэн бүтээснээрээ ард түмэн болоод хэвлэл мэдээллийнхнээс үнэлгээ авдаг байсан бол парламентад үнэмлэхүй олонх болсон МАН-ын Засгийн газрын тэргүүн яах аргагүй эдийн засгийн хямрал дор хүндхэн байдалтай байгаа олон нийтийн эрх ашгийг хөндсөн олон тогтоол шийдвэрүүдийг санаачилж, ингэснээрээ өөрийн намын бүлгээсээ ухамсрын шанаа хүртэж байх юм.

Түүний Засгийн газрын сайд нар намын даргаасаа шууд хамааралтай томилогдсон боловч гүйцэтгэх засаглалын тэргүүн маань өөрөө “шат шатандаа мэргэжлийн хүмүүсээр Засгаа бүрдүүлнэ” хэмээн гүрийсээр байгаа.

Чухам ийм л ам, ажлын зөрүүгээс шалтгаалж “мэргэжлийн” буюу улс төрийн хэллэгээр технократуудын Засгийн газар бүрдүүлнэ гэж амласан МАН-ын Засгийн газрын байгуулагдсан цагаасаа л шүүмжлэл дагуулж эхэлсэн.

Уг нь аль 2014 онд л “мэргэжлийн засгийн газар байгуулъя” гэж Баабар тэргүүтнүүд бичиж эхэлсэн байдаг. Яг тэр цаг үед Европт Грек, Испанийн араас эдийн засгийн хямралд сөхөрч эхэлсэн Италид Марио Монтегийн Засгийн газар улс төрөөс ангид мэргэжлийнхнээс бүрдсэн дундын Засгийн газрыг буй болгож хямралаас улс орноо гаргасан байдаг.

Улмаар Ерөнхий сайдыг нь “Супер Марио” гэж дуудах болсон бөгөөд жилийн дотор мэргэжлийнхэн улс орноо эдийн засгийн хямралаас гаргаад эргүүлээд улс төрийнхөнд засгийн эрхийг нь буцааж өгсөн юм.

Үүнийг л тенхнократуудын Засгийн газар гэх бөгөөд олон улс оронд хэрэглэж ирсэн ба МАН-ынхан ч тухайн үед олон улсын анхаарлыг татаж байсан италичуудын туршлагыг хуулбарлаж бидний тархийг угаасан гэлтэй. Харамсалтай нь Монголын хөрсөн дээр буухдаа тэрхүү мэргэжлийн Засгийн газар өнөөгийн Ж.Эрдэнэбатын тааруухан тодотголтой, ард олондоо тун чиг халгаатай кабинет болж буусан юм.

Үүнийг батлах гэсэн шиг Засгийн газраас өргөн барьсан намынхаа нэр хүндэд халгаатай, цаашлаад дөрвөн жилийн дараа ч ард түмнээсээ амаа асуулгаж мэдэх хуулийн төслүүдийг нь намын бүлэг нь буцааж байна.

Буцаахдаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн Сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын Хэвлэл, Мэдээллийн алба зэргийг тусгайлан муу ажиллаж байгааг хэлж байлаа. Жишээ татахад л УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хоёр, гуравхан хүн л Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг өөрчилж өөрсдийнхөө тойргийн хамаг асуудлыг шийдүүлдэг бөөгийн тойрог бий болоод 10 жил болж байна.

Тэр бөөгийн тойрогт орсон хүний нэг нь Сангийн Сайд Б.Чойжилсүрэн чи өөрөө ш дээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, сайд нар оруулж ирсэн саналаа зөвтгөх гэж дайраад байх юм. Ингэх нь буруу.

УИХ-ын гишүүдийнхээ үгийг маш сайн сонс. Зөвтгөж ярихынхаа оронд ямар алдаа гаргаснаа олж харж, түүнийгээ яаж засч сайжруулахаа л бодох хэрэгтэй. Энэ удаад хугацаа тулчихсан учраас манай намын бүлэг алдаа гаргачихлаа.  

Өөрөөр хэлбэл, нэгэнт дэмжихгүй асуудлыг оруулж ирсэн нь алдаа боллоо. Тухайлбал, цалин хасах санал. Үүний чинь цаана ердөө хоёрхон тэрбум төгрөгийн л хэмнэлт байгаа юм билээ.

Хоёрхон тэрбум төгрөг хэмнэхийн тулд ийм асуудал оруулж ирж байгаа чинь буруу ш дээ. Тиймээс Засгийн Газар улс төрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ийм аргуудаар хэмнэлт хийвэл ард түмэн алга ташна гэж байх шиг. Хэзээ ч алга ташихгүй. Халаас руу нь гараа хийсэн бол “Дараагийн сонголтоор чамайг даа” л гэнэ шүү дээ.

Засгийн газрын санал дотор шинэ юм бараг байхгүй. Төсөв хүндрэхээр цалингаа хасъя, татвараа нэмье гэж оруулж ирдэг. Энэ оны төсөв батлах үед Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг цалин хасах санал оруулж ирснийг манай намын бүлэг л эсэргүүцэж байгаад л болиулсан шүү дээ.

Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ, ой санамжаа сайжруул. УИХ-аас дэмжлэг авахгүй юмыг битгий оруулж ирж бай. Тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг намынхаа нэр төрөө бараад байх юм” хэмээн баруун солгойгүй шүүмжиллээ.

Тэгэхээр тэмээн дээр ямааны гарз хийж, намын бүлгийнхэндээ ад шоо үзэгдсэн Ерөнхий сайд маань ажлаа аваад хоёр cap болж байна. Цаашид хэчнээн “хоёр cap” байгаа билээ, хичээх л хэрэгтэйг ойлгосон болов уу. 

Зураг