Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: ЕБС-ын сурагчид ямар орчинд сурч байна вэ?

ikon.mn
2016 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сургууль бол хүүхдийн ихэнх цагийг өнгөрүүлдэг, сурагчдын сурч боловсрох, нийгмийн харилцаанд орох, бие хүн болох эх суурийг  бүрдүүлдэг олон талын ач холбогдол бүхий чухал орчин юм.

Судалгааны дүнгээс харахад хүүхдийн эрүүл мэнд, суралцах чадварт тэдний хоёр дахь гэр болох сургуулийн дотоод орчны хүчин зүйлсийн үзүүлэх нөлөөлөл 20-70 хувь байдаг байна.
Сургуулийн ачаалал, нягтрал ихсэн нэг сурагчид ногдох талбай эрүүл ахуйн нормоос бага байх, сургуулийн халаалтад түүхий нүүрс ашиглах, шаардлага хангаагүй материалаар хийгдсэн ширээ сандал хэрэглэх, агааржуулалт хангалтгүй байх зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр сургуулийн дотоод орчны агаар бохирддог байна.
 
Гэрэл зургийг mpa.mn

Дотоод орчны агаарын бохирдлыг үр дүнтэй, зохистой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй тохиолдолд хүний эрүүл мэнд, эдийн засаг болон боловсролын түвшинд дараах сөрөг үр дагавар үүсдэг. Үүнд:

  • Сурагчдын суралцах чадвар буурах;
  • Сурагчдын биеийн дархлаа сулрах;
  • Амьсгалын замын өвчлөл нэмэгдэх;
  • Хичээл таслалт нэмэгдэх;
  • Багш, ажилчдын ажлын бүтээмж буурах, бие өвдөх зэрэг болно.

Дэлхийн улс орнуудад сургуулийн дотоод орчны агаарын чанарын талаарх судалгаа нилээдгүй хийгдэж агаарын чанарыг сайжруулах аргуудыг хэрэгжүүлсээр байна.

Манай орны хувьд энэ төрлийн судалгаа төдийлөн хангалттай хийгдээгүй бөгөөд 2015 онд НЭМХ-ээс “Сургуулийн дотоод орчны агаарын чанар, сургалтын орчны эрүүл ахуйн нөхцлийн үнэлгээ”-г Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн 12 сургуулийн 72 анги, танхимд явуулсан бөгөөд анги, танхимын агаар дахь нүүрсхүчлийн хийн агууламж стандартад заасан хүлцэх хэмжээнээс бага байсан. Анги танхимын дотоод орчны агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцорын агууламж стандартад заасан хүлцэх хэмжээнээс бүгд их буюу Хан-Уул дүүргийн сургуулиудад хамгийн бага(155±13.75мкг/м3), Чингэлтэй дүүргийн сургуулиудад хамгийн их (502.5±127.83 мкг/м3) байлаа.

Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн анги танхимын агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын агууламж, мкг/м3

 

Сургуулийн дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэхэд арга замууд

Сургуулийн халаалтыг оновчтой шийдвэрлэх

  • Цахилгаанаар
  • Хийн халаалт
  • Ханан халаалтгэх мэт.

Ангийн цэвэрлэгээ

  • Хичээлийн ээлж хооронд анги танхимд чийгтэй цэвэрлэгээг хийж хэвших
  • Анги танхимын хог хаягдлыг өдөр бүр зайлуулах
  • Үнэр ихтэй агаар цэвэршүүлэгч ашиглахгүй байх
  • Ариутгал, цэвэрлэгээний бодисыг зохистой ашиглах

Ангийн агааржуулалт

  • Завсарлагааны үеэр ангиас гарч, цонх салхивчийг онгойлгож байх
  • Агааржуулалтын хоолойг чөлөөтэй урсгалтай байлгах
  • Цэцэг, ногоон ургамал тарих (мөнхрөө, инжир, зуун наст гэх мэт)

Чанартай материалаар хийгдсэн ширээ, сандал сонгох

  • Аль болох цэвэр модон бүтээгдэхүүн сонгох
  • Ангийн цонх, шал, хана туургийг стандартын шаардлага хангасан будгаар будах

Нэг ангид суралцах хүүхдийг тоог бага ангид 30-аас, дунд ангид 35-аас хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн