Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутнуудад нэг сар хотын соёл заая

О.Уянга
2016 оны 9 сарын 5
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсын боловсролын систем их сонин тогтолцоотой. Дунд сургуульд 10 жил үзсэн хичээлийг их, дээд сургуулийн эхний нэг жилд дахиж судалдаг. Ямар ч учиртай тэгдэг юм, бүү мэд.

Бүх хүүхдүүдийг 10 жилдээ юу ч сураагүй гэж боддог нэг дарга нь ийм тогтолцоог шийдэж өгсөн юм болов уу. Эсвэл дөрвөн жилийг гүйцээхийн тулд багш нарт заах хичээл олддоггүй ч байж магадгүй юм.

Тэгвэл бүтэн жил ерөнхий эрдмийн хичээлүүдийг дахин судалж байхаар өөр юм зааж байвал яасан юм бэ. Жишээлбэл, хотын соёл. Ядаж явган хүн замын хөдөлгөөнд яаж оролцох вэ. Ногоон гэрэл, цагаан шугам.

Хогоо хогийн саванд хаях, хаа хамаагүй бие засахгүй байх гээд наад захын соёлыг оюутнуудад заамаар байгаа юм. Өнөө цагт дунд сургуулийн хүүхдүүдэд хотын соёлын талаар түй ч заахгүй байгаа шүү дээ.

Яах вэ, Улаанбаатар хотын зарим сургуулиуд сайн дураараа шахам зарим зүйлийг заадаг байх. Хөдөөд бол бүр ч хэцүү. Үүгээрээ хот, хөдөө гэж ялгах гэсэн юм биш шүү. Яг бодит байдал дээр бол хотод өссөн, хөдөө амьдарч байсан хүүхдүүд ялгаатай л байгаа. Ядаж л хаа хамаагүй шээх тал дээр өөр өөр биз дээ.

Үүнтэй эвлэрэх цаг болсон. Саяхандаа цахим ертөнцөөр хэдэн оюутны зураг яваад байсан. Сургуулийнхаа хана руу харчихсан хээв нэг шээгээд зогсч байгаа юм. Тэднийг хөдөөнөөс ирсэн, эсвэл хотынх уу гэдгийг хэлж мэдэхгүй. Гэхдээ нэг л үнэн юм байна.

Хогоо хогийн саванд хаях, хаа хамаагүй бие засахгүй байх гээд наад захын соёлыг оюутнуудад заамаар байгаа юм. 

Тэдэнд ёс суртахуун, соёл гэж алга. Сургууль руугаа гүйж ороод л бие засчих боломжтой байхад хаалга руу нь харчихсан, зүлэг ногоон дээр хээв нэг “морь харж” байх жишээтэй. Ийм байж болохгүй ээ.

Үнэхээр давсаг нь хагарчих гээд, ойр хавьд ороод бие засчих газар байхгүй үед хүн харахааргүй газар, байшин сав, гараашны араар ороод “аваад хаячих” тохиолдол байхыг үгүйсгэх аргагүй.

Ядаж байхад манай албан байгууллагууд, үйлчилгээний газрууд 00-оо тэр болгон ашиглуулах биш. Эсвэл үнэтэй байдаг. Харин эрдмийн уурхай болсон сурах сургуулийнхаа хажууд, хотын төвд, олон хүний хөл хөдөлгөөний үеэр хээв нэг шээгээд зогсч байна гэдэг бол бүдүүлгээс ч цаагуур асуудал.

Тиймээс хотын соёл гэдгийг наад захын зүйлээс нь эхлээд заамаар байна. За тэр ерөнхий эрдмийн хичээлүүдээ бүгдийг нь заахаа больдоггүй юм гэхэд зарим нэгийг нь хасаад, оронд нь хотын соёлыг оюутнуудын толгой руу хийж өгөөч.

Ядахын мууд нэг сар зааж өгөөд, ухуулаад, ойлгуулбал хүүхдүүд арай л өөр болно доо. Ядаж л хогоо хогийн саванд хийгээд, гарцаар, ногоон гэрлээр гараад, хаа хамаагүй шээхээ больчихвол аятай юу. Өнөөдөр залуучууд, хүүхдүүд том чихэвч зүүгээд, дуу сонсч байхдаа зам хөндлөн гардаг.

Бүр гарцгүй газраар мал шиг л дайрдаг. Эргэн тойрноо харахгүй, машин ирж байгааг ч анзаардаггүй. Дуут дохио өгөөд ч сонсохгүй. Үүнээс нь болж авто осол гарч, залуус бэртэж гэмтэж, цаашлаад амь насаа хүртэл алдаж байгаа. Нөгөө талд жолооч нар хэрэгтэн болдог. Уг нь явган зорчигчийн буруу байдаг ч хүний эрүүл мэнд, амь насыг хохироосон гээд л “аавын хаалга” татах болдог.

Энэ мэтээр өнөөдөр залуусын толгой тархинд суулгаж, ойлгуулж өгөх олон асуудал байна. Тиймээс хичээлийн программд суулгаад өгчих хэрэгтэй шүү дээ. Нэг талаас хотын соёл гэж өнгөц мэт харагдаж байгаа ч цаагуураа хүн болоход нь хэрэгтэй.

Зураг