Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюутны смарт картыг ШИНЭЭР захиалахад 3,600 төгрөг"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Их, Дээд сургууль, Коллеж, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сурагч, оюутнуудын хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн картын тухай “Улаанбаатар смарт карт” ХХК, Нийслэлийн Хөдөлмөрийн Газар болон Нийслэлийн Боловсролын Газраас мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан Их, Дээд сургууль, Коллеж, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмын дагуу хөнгөлөлттэй зорчих эрхтэй цахим төлбөрийн картыг 2016-2017 оны хичээлийн жилд дараах байдлаар зохион байгуулахаар болжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ тухай “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтэс, тээврийн хэсгийн ахлах менежер Ц.Түвшинжаргал "Шинээр карт олгох болон сунгалт хийх ажлууд тухайн Их, Дээд сургуулиудаар дамжуулан хийгдэнэ. Тэгэхээр оюутнууд сургуулийн захиргаандаа хүсэлт гаргаж, сунгалт хийлгэх оюутнууд картаа хураалгах шаардлагатай байгаа. Хураасан картуудад нэгдсэн байдлаар сунгалт хийж, эргүүлэн олгоно. Шинээр карт олгоход 3600 төгрөгийг нэг удаа төлөөд, тухайн картаа нэг жилийн турш ашиглах боломжтойхэмээн онцоллоо.

Шинээр цахим төлбөрийн карт олгох:

Шинээр хөнгөлөлттэй зорчих карт авах эрх бүхий оюутан өөрийн сургуульдаа хандан картаа захиална.

Сургуулиуд төрийн байгууллагаас тогтоосон хяналтын тоонд багтаан шинээр карт авах оюутнуудын мэдээллийг хянаж баталгаажуулан ирүүлснийг үндэслэн Их, Дээд сургуулиудад Нийслэлийн Боловсролын Газраас, МСҮТ, Коллежуудад Нийслэлийн Хөдөлмөрийн газраас шинээр олголт хийнэ.

Цахим төлбөрийн карт сунгах:

Нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картыг өнгөрсөн жил авсан оюутнууд 2016-2017 оны хичээлийн жилд сунгуулан ашиглана. Сунгалт хийлгэхдээ оюутан сурагчид картаа нэгдсэн журмаар сургуульдаа хураалган, буцаан авна.

Цуглуулсан картуудыг жагсаалтаар баталгаажуулан

  • Их, Дээд сургуулиуд-Улаанбаатар Смарт Карт компанид,
  • МСҮТ, Коллежүүд-Нийслэлийн Хөдөлмөрийн газарт хандан сунгалт хийлгэнэ.
 
Гэрэл зургийг mpa.mn

МСҮТ болон Коллежийн оюутан, сурагчдад карт олгох тухай Нийслэлийн Хөдөлмөрийн Газрын оюутны хөтөлбөр хариуцсан ажилтан Л.Амаржаргал "2015-2016 оны хичээлийн жилд Улаанбаатар бүсэд оршдог 32 МСҮТ, Коллежийн захиалгыг авч 13,200 гаруй оюутан, сурагчдаас 12,400 орчимд нь карт олгосон.

Энэ жилийн хувьд өмнөх жилийн жишгээр 12,000 орчим оюутан, сурагчдад шинээр карт олгох, сунгах, гээгдүүлсэн картыг дахин олгох гэсэн үйл ажиллагааг Нийслэлийн Хөдөлмөрийн Газраас хэрэгжүүлнэ" гэв. 

Цахим төлбөрийн карт шинээр авах хураамжийг 3,600 төгрөг, сунгалт хийлгэх хураамжийг 1,000 төгрөг байхаар заажээ. Шинээр захиалах болон сунгалт хийлгэх хүсэлтийг 2016 оны наймдугаар сарын 31-нээс 2016 оны есдүгээр сарын 6-ны өдрүүдээд сургуулиуд дээр хүлээн авч,  2016 оны есдүгээр сарын 12-ноос 2016 оны есдүгээр сарын 18-ны өдрүүдэд тухай сургуулиар дамжуулан тараах юм байна.

Харин хөнгөлөлттэй зорчиж байгаад төгссөн оуютнуудын хувьд картаа үргэлжлүүлэн ашиглах боломжтой бөгөөд хөнгөлөлттэй зорчих горим нь энгийн горимд шилжсэн байгаа ажээ. Өөрөөр хэлбэл энгийн карттай ижилхэн тогтмол цэнэглэж ашиглах боломжтой юм байна.