Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Будхүү: Эдийн засгийн хүндрэлтэй үед эсрэгээрээ “Говь” ХК 200 ажлын байр нэмнэ

Б.Ану
2016 оны 8 сарын 31
iKon.MN

“Монгол Улс 2020 он гэхэд 100% ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд №1 болно” гэж үндэсний хамгийн том үйлдвэрлэгч “Говь” ХК –ийн удирдлагууд ам бардам хэлж байгаа юм.  Түүхий эд болоод үйлдвэрлэл, зах зээлийн боломжийн талаар “Говь” ХК-ийн Дотоод Худалдааны газрын захирал Ц.Будхүүтэй ярилцлаа. 


 

- Юуны түрүүнд, эдийн засгийн хүндрэлтэй үед чихэнд чимэгтэй эерэг мэдээлэл дуулгаж байгаад талархаж байна. Олон компани хүн хүчээ цомхотгож, бизнес нь зогсонги байхад “Говь” ХК эсрэгээрээ үйлдвэрлэл, ажлын байраа нэмэхээ зарлалаа.

- Бидэнд борлуулалтын маш том боломж байна.  2020 онд манай компани 100,000 пальто борлуулж, одоогийн борлуулалтаа 10 дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан. Энэ зорилгодоо хүрэхийн тулд хүн хүчээ нэмэх шаардлагатай учир компанийн одоо байгаа ажлын байрны тоог 200 хүнээр нэмэх шийдвэр гаргасан. Ингэснээр ажилчдын тоо 1,515-д хүрч, Монгол улсыг 100% ноолууран пальтогоор дэлхийд №1 болгохоор ажиллах болно.

Дашрамд хэлэхэд, ирээдүйн дэлхийд №1 пальто үйлдвэрлэгч компанид ажиллах хүсэлтэй залуучуудад манай үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг хэлэхийг хүсч байна.  Мэдлэг, чадвараараа өрсөлдөх чадварлаг залуусыг эгнээндээ нэгтгэж, хамтдаа зорилгынхоо төлөө зүтгэх  болно.

- Миний санаж байгаагаар, та бүхэн 100,000 пальто борлуулах хугацааг 2021 онд гэж зарлаж байсан.  Өнөөдөр харин энэ төлөвлөгөөг жилийн өмнө буюу 2020 онд хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа юм байна, тийм үү? 

- Тийм ээ, бид 100,000 пальто үйлдвэрлэж, дэлхийд №1 болох зорилгоо дөрвөн жилийн дотор хэрэгжих боломжтой гэж тооцоолж байна. 2016 оны 6-р сарын 6—ны өдөр манай компани пальто үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө олон нийтэд  танилцуулсан. Энэ өдрийн маргаашнаас эхэлж, “Говь” брэндийн пальтоны борлуулалт өдөрт дунджаар 2 дахин нэмэгдэж эхэлсэн. 2007 онд хувьчлагдаж байх үедээ манай компани жилд ердөө 100 пальто үйлдвэрлэж, 30 ширхгийг борлуулж байсан. Харин 2015 онд энэ тоогоо 330 дахин өсгөж чадсан болохоор 2020 онд 100,000 пальто борлуулах боломжтой гэж тооцоолж байна.

- Яагаад заавал пальто гэж? гэсэн асуултыг асуумаар санагдаж байна.   

- Хэрэглээ талаасаа пальто бол зуны улирлаас бусад бүх үед гадуур өмсөхөд тохиромжтой хувцас бөгөөд хамгийн өндөр хэрэглээтэй бүтээгдэхүүний нэг. Тиймээс хүн бүр пальтондоо онцгой ач холбогдол өгдөг. Сайн чанарын пальто эзнийхээ өөртөө итгэх итгэлийг хүртэл нэмэгдүүлдэг учраас  “Говь” ХК энэ хувцсанд өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Бусад үйлдвэрлэл буюу сүлжмэл болон нэхмэл бүтээгдэхүүний зах зээлд бид хэдийнээ танигдсан.  

 

/Зургууд дээр дарж үзэх боломжтой./

- “Говь” брэндийн пальтоны давуу тал юу вэ?

- Энэ асуултанд “Говь” ХК-ийн бүх ажилчид нэг л хариулт өгнө. Хамгийн “чанартай”. Чанартай гэдэг ойлголтыг бид олон хүчин зүйлсийн нийлбэрээр тодорхойлно. “Говь” ХК ноолуурыг самнаж бэлтгэхээс эхлээд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл бүх шат дамжлагыг Монголдоо хийдэг.  Мэдээж деталь бүрт онцгой анхаарч, түүхий эдээс эхлээд, туслах материал, загвар, технологи гээд бүгдийг хамгийн чанартай байлгахад анхаардаг.

  • Түүхий эдийн хувьд: Эрс тэс уур амьсгалд дасан зохицсон монгол ямааны хамгийн чанартай ноолуурыг “Говь” ХК бэлтгэн авдаг. Манай улс дэлхийн ноолуурын 40%-ийг хангадаг 2 дахь том бэлтгэн нийлүүлэгч төдийгүй  хаана ч байхгүй 4 өнгийн ноолууртай.
     
  • Туслах материалын хувьд: Дэлхийн номер нэг компаниудаас пальтоны туслах материалаа авдаг. Тухайлбал, Японы Asahi Kasei компанийн BEMBERG брэндийн дотрын материалыг дэлхийн хувцас загварын хамгийн том брэндүүд ашигладаг. “Говь” брэндийн бүх пальто энэ брэндийн дотрын материалаар хийгддэг. Мөн  1885 оноос өнөөг хүртэл товч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Японы “TAKADA button” компанийн товчийг мөн ашигладаг. Түүнчлэн, хамгийн чанартай хувцасны цахилгаан үйлдвэрлэгч Японы YKK болон KIYOHARA компаниас туслах материалаа авч байна.
     
  • Загвар, технологийн хувьд: Эмэгтэй пальтоны технологи талаас 66 жилийн туршлагатай Японы №1 оёдлын компани LAPINE хамтарч байгаа бол эрэгтэй пальтоны хувьд 63 жилийн турш дээд зэрэглэлийн классик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Японы ALDEX компанитай хамтран ажиллаж байна. ALDEX бол 40 жилийн турш BURBERRY брэндийн хувцсыг оёж байсан туршлагатай компани юм.

Дээрх бүх үзүүлэлтээс шалтгаалж, манай брэндийн пальто дахин давтагдашгүй чанар, сэтгэл ханамжийг дагуулж байдаг юм.

- Борлуулалтын боломж, зах зээлээ та бүхэн хэрхэн тооцоолж байгаа вэ?

- Бид зах зээлээ зөвхөн Монгол улсаар биш дэлхийн хэрэглэгчдээр тооцоолж байгаа. Хамгийн ойр Хятад улсаар жишээ авахад, 2015 онд тус улсын 120 сая жуулчин дэлхийгээр аялж 230 тэрбум доллар зарцуулсан судалгаа байна.  Жилээс жилд энэ тоо өснө. Манай дэлгүүрээр үйлчлүүлсэн хятад жуулчид пальтог өөртөө болон бэлэглэх журмаар нэг хүн дунджаар 3-5 пальто худалдан авдаг. Тэгэхээр бид пальтогоо өнгө, размер, загварын өргөн сонголтоор байлгаж чадвал зах зээл байгааг олон үзүүлэлтээс харж болно.  Мөн цаашлаад онлайн худалдааг хөгжүүлж, дэлхийн улс орнууд руу хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлыг Герман улсаас эхлэхээр бэлтгэл ажилдаа орсон байгаа.

- Ярилцлагаа “Говь” ХК-ний мөрөөдлөөр өндөрлүүлье.

- Өндөр зэрэглэлийн брэнд хувцасны зах зээлд танигдсан Монгол брэнд болох. 2020 оноос өмнө дэлхийн аль ч улсад Монгол гэдэг нэрийг сонсоод уул уурхай, ашигт малтмал биш харин 100% ноолууран пальтогоор №1 улс гэдэг ойлголт төрүүлэхийг мөрөөдөж байна. Энэ мөрөөдөлдөө хүрэхэд тун ойрхон байна. Энэ мөрөөдлийн төлөө “Говь” ХК-ийн нийт ажилчид ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.