Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

"2021 он гэхэд 100 хувь НООЛУУРАН ПАЛЬТО үйлдвэрлэлээр ДЭЛХИЙД НОМЕР НЭГ болно"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 6 сарын 8
www.ikon.mn
Зураг зураг

Монгол Улс сүүлийн жилүүдэд экспортод гаргах эцсийн бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг чадлынхаа хэрээр дэмжиж байгаа билээ.

Үүний бодит жишээ бол монголын ноос, ноолуур үйлдвэрлэлт юм. Тухайлбал, энэ салбараас "Говь" ХК-ийг онцолж байна. 

"Говь" үйлдвэр нь 1981 онд байгуулагдсан бөгөөд 2007 онд хувьчлагдсан түүхтэй бөгөөд эдүгээ 35 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

2007 онд "Говь" ХК-ийн жилийн орлого 18 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 71 тэрбум төгрөг болж өсжээ. Жишээ нь, 2007 онд "Говь" нэрийн брэнд ноолууран пальто 30 ширхгийг борлуулж байсан тус компани нь найман жилийн дотор үйлдвэрлэлээ 330 дахин өсгөж 10,000 пальто өнгөрсөн жил борлуулсан байх юм. 

Мөн "Говь" ХК нь өөрсдийн гэсэн өвөрмөц загвар, тансаг байдлыг илэрхийлсэн бүтээгдэхүүнээрээ Монголдоо төдийгүй дэлхийд нэрээ дурсгаж байгааг бид онцлох хэрэгтэй. Үүний тод жишээ нь, тус компани дэлхийн 15 улсад 51 франчайзинг дэлгүүртэй бөгөөд цаашид олон улсад 100-гаас илүү франчайзинг дэлгүүрийг нээхээр төлөвлөж байгааг энэ компанийн зорилтоос харж болно.

Тэгвэл "Говь" ХК нь олон улсад дэлгүүрээ нээхийн зэрэгцээ 2021 он гэхэд өөрсдийн пальтоны үйлдвэрлэлээ 10 дахин өсгөн 100 хувь ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх брэнд болно гэсэн том зорилтыг урдаа тавьжээ. 

Энэхүү томоохон зорилтоо тэд өчигдөр хэвлэл мэдээллийн салбарынханд танилцуулсан юм. 

 

 "Говь" ХК-ийн тэргүүн дэд захирал Д.Наранбаатар "Говь ХК нь 2007 онд хувьчлагдах үеэсээ эхлэн "from GOAT to COAT" буюу "Ямаанаас бэлэн бүтээгдэхүүн болох пальто хүртэл" гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнөөдөр "Говь" брэндийн 100 хувь ноолууран пальто 299 ам.доллараас эхэлж байгаа бол дэлхийн зах зээлд 100 хувь ноолууран пальто 3,000 ам.доллараас эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл, чанар, загварын хувьд дэлхийн шилдэг брэндүүдтэй дүйцэх тансаг пальтог ноолуурын эх орон Монгол Улсаас 10 дахин хямд үнээр авах боломжтой гэсэн үг" гэсэн юм. 

Тус компани ноолууран бүтээгдэхүүн, тэр дундаа 100 хувь ноолууран пальто Монгол Улсын брэнд бүтээгдэхүүн байх боломжтойг дараах 4 шалтгаанаар тайлбарласан юм.  

1. "Говь" ХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал

"Говь" ХК хувьчлагдсанаас хойш үйлдвэрлэлдээ нийт 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол ирэх 5 жилд дахин 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр бэлтгэж байна. Жилд 1,000 тонн ноолуурыг бэлэн бүтээгдэхүүн болгох бөгөөд зөвхөн пальтоны үйлдвэрлэлээ 10 дахин нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. 

2. Түүхий эдийн нөөц

23 саяар тоологдох Монгол ямаа дэлхийн ноолуурын 40 хувийг хангадаг бөгөөд Монгол Улс БНХАУ-ын дараа орох хоёр дахь том бэлтгэн нийлүүлэгч юм.

Амьтны болон байгалийн гаралтай бүх ширхэгтийн хаан гэгддэг ноолуур дундаа нарийн микрон бүхий дээд зэргийн ноолуурыг Монгол ямаанаас самнаж авдаг. Түүнчлэн, Монгол ямаан сүрэг дэлхийн өөр хаана ч байхгүй 4 өнгийн ноолуурыг бий болгодог бөгөөд хамгийн ховорт тооцогддог хөх саарал өнгийн ноолуур зөвхөн манай улсад байдаг байна. 

3. Борлуулалтын боломж 

"Говь" ХК компани нь бүтээгдэхүүний хамгийн чухал үзүүлэлт болох загвар, чанар, үнэд онцгой анхаарч ажилладаг бөгөөд 2009 оноос эхлэн Италийн шилдэг дизайнеруудтай хамтран ажиллаж байна. Мөн пальтоны чанарын хамгийн чухал үзүүлэлт болох оёдол, суулт, эсгүүрийн технологи чиглэлээр Японы номер нэг компани болох Lapine, Aldex зэрэг компаниудаас туршлага судалж, хамтран ажиллаж байгаа юм.

"Говь" ХК онлайн хүргэлтийн үйлчилгээг хөгжүүлж, дэлхийн аль ч улс руу 399 ам.доллараас эхэлсэн үнээр найман хоногийн дотор хүргэж өгөх боломжийг нээх болно.

Эдгээрээс гадна тус компани 2017 онд нээгдэх Хөшигтийн хөндийн онгоцны буудлын төсөл, Соёл Спорт Аялал жуулчлалын яамнаас 2021 онд жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт зэрэг нь борлуулалтын томоохон боломж гэж үзэж байна.

​4. Ажлын байр

Одоо "Говь" ХК нь 1,300 ажилтантай. Харин 2021 онд ажлын байр 38 хувиар нэмэгдэх буюу 1,800 ажилтантай болно.


 "Говь" ХК-ийн зорилтыг ИНФОГРАФИКТ буулгавал:

 

Итали улсыг хувцас загварын эх орноор, Францыг сүрчгээр, Швейцарыг цагны үйлдвэрлэлээр төсөөлдөг бол Монгол Улсыг төлөөлж чадах брэнд үйлдвэрлэл юу байж болох вэ. Үүнийг ноолуур байх боломжтой гэж "Говь" ХК үзэж байна. Энэ нь ч боломжгүй зүйл биш билээ. 

"Говь" ХК таван жилийн зорилт, төлөвлөгөөгөө танилцуулах үеэрээ дэлхийн брэнд болгохоор ажиллаж буй цэвэр ноолууран пальтоны загваруудаасаа танилцуулсан юм. Зарим зургаас нь хүргэж байна.

ФОТО:

/Гэрэл зургийг mpa.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.