Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Манай дэлхий Антропоцений эринд шилжсэнийг эрдэмтэд зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтний үзүүлсэн нөлөөгөөр манай дэлхий Антропоцен (Anthropocene) хэмээх шинэ эринд шилжин орсныг хэсэг эрдэмтэд зарлажээ.

Уг асуудлыг судалсан олон улсын ажлын хэсгийн 34 гишүүн дэмжиж, нэг гишүүн түдгэлзсэнээр геологийн хувьд Антропоцений эрин эхэлсэн гэж дүгнэсэн байна.

Цаг уурын дулаарал, далайн түвшний нэмэгдэл, нүүрс, газрын тос зэрэг шатах түүхий эдийн утаа, хөө тортог, хуванцар хог хаягдал, хөрсний элэгдэл, зэрлэг амьтдын тархалт, цөмийн туршилтын цацраг идэвхит бодис зэрэг олон хүчин зүйл дэлхийн бүтцэд эргэлтгүй нөлөө үзүүлээд эхэлснийг тэд өгүүлж байна.

Тэд одоо Антропоцений эринд яг хэзээ Голоцений эринээс шилжсэн гэж тэмдэглэх дээр хэлэлцэж байгаа аж. Гэхдээ энэ хугацааг 20 дугаар зууны дунд үед сонгох нь тодорхой байгаа. Өөрөөр хэлбэл цөмийн туршилт анх хийгдсэн үетэй холбоотой юм.

Мэдэгдлийг Өмнөд Африкт болсон Олон улсын Геологийн 35 дахь конгрессийн үеэр зарлажээ.

Одоо уг дүгнэлт Олон улсын Геологийн Шинжлэх Ухааны Нэгдлийн албан ёсны шийдвэрээр баталгаажиж сурах бичгүүдэд тусгагдана.

Дэлхий нь хүний гараар бий болсон эринд шилжиж орсон байж болзошгүй тухай санааг анх 2000 онд Пол Круцен, Юген Стормер нарын эрдэмтэд дэвшүүлж байсан юм.

Сүүлийн мөстлөгийн дараа буюу 11,500 орчим жилийн өмнө манай дэлхий Голоцений (Holocene) эринд шилжсэн гэж үздэг.

 

Эх сурвалж: Independent