Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ангараг дээр амьдрах NASA-гийн туршилт өчигдөр дууслаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 29
IKON.MN
Зураг зураг

NASA-гийн санхүүжилтээр хийгдсэн Ангараг дээр амьдрах туршилт өчигдөр буюу Ням гарагт дуусч оролцогсод нь гэртээ харьцгаажээ.

Энэ нь Хавайн арал дээр Ангарагтай төстэй орчинг зориуд бүрдүүлэн зургаан хүнтэй багийг амьдруулж туршсан явдал байлаа.

NASA 2030 он гэхэд хүн төрөлхтний төлөөллийг Ангарагт хүргэх төлөвлөгөөтэй байна. Үүнээс өмнө тэд Ангараг дээр амьдрах хүмүүст ямар бэрхшээл тохиолдох, түүнийг хэрхэн даван гарах аргыг судалж байгаа нь энэ юм.

Туршилтын хүрээнд хүйсний хувьд ижил харьцаатай гурван баг хүмүүсийг дөрөв, найм, арван хоёр сарын хугацаанд тус тус тусгаарлагдмал орчинд амьдруулсан байна. Өчигдөр эдгээр гурван багийн хамгийн сүүлийн хэсэг ажлаа дуусгасан юм.

Ингэхдээ Ангарагийн орчинтой хамгийн их төстэй далайн түвшнээс 2,400 метр өндөр Хавайн Мауна Лоа галт уулын өндөрлөгт дэлхийгээс тусгаарласан нөхцөл үүсгэжээ.

Багийнхан тусгай гэр хэлбэртэй сууцанд амьдарч, дөрвөн сар тутам ирдэг бага хэмжээний хоол хүнс, хоёр сар тутамд ирдэг ундны ус хэрэглэн амьдрахдаа гадаад ертөнцтэй зөвхөн имэйлээр харьцаж байв. Гэхдээ имэйл нь Ангараг-Дэлхийн хооронд мэдээлэл дамжих хугацааны дагуу 20 минутын дараа очих газраа хүрнэ. Байнгын хүнд сансрын өмсгөл, дуулгатай байхаас гадна хүчилтөрөгчийн хязгаарлагдмал нөөцтэй.

Гэхдээ реалити шоу шиг тэдний амьдралыг байнга камераар харахгүй, зөвхөн гал тогооны өрөөн дэх албан ёсны уулзалтын хэсгийг бичиж авч байжээ.

Харин багийн гишүүн бүрт сошиометр нэртэй жижиг радио хэмжигч зүүлгэж хоорондын харилцаанд гарч байгаа өөрчлөлтийг бүртгэж байсан гэнэ.

Биологич, физикч, архитектор, сэтгүүлч зэрэг янз бүрийн хүмүүсээс бүрдсэн багийнхан долоо хоног бүр судалгааны хуудас бөглөнө. Мөн тэд ганцаардлаас болж шаналахгүйн тулд виртуал бодит байдлын (virtual reality) компьютер тоглоом тоглодог байжээ.

Бас зориудаар онцгой байдал үүсгэж хүмүүсийн хандлагыг ч судалсан байна. Тухайлбал гэнэт нарнаас аюултай цацраг идэвхжсэн тухай, эсвэл сууц нь галт уулын лаавд автаж яаралтай орхих хэрэгтэй болсныг зарлах гэх мэт.

Мөн гэнэт цахилгаан эрчим хүчгүй болж, түүнийг засварлах гэх мэт зохиомол бэрхшээлүүд үүсгэж байсан гэнэ.

Энэ бүгд нь Ангараг хүртэлх урт хугацааны аялал болон Ангараг дээрх нийгмээс тусгаарлагдсан хүнд хэцүү нөхцөлд хүмүүс амьдарч чадах эсэх, тэдэнд сэтгэлзүйн ямар өөрчлөлт гарах, түүнийг хэрхэн даван туулахыг туршиж судлах зорилготой юм.

 

Эх сурвалж: Quartz