Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингийн дуу хоолой болдог сайтад Монголын эдийн засагт туслах талаар бичжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

GlobalTimes.CN сайт нь Хятадын төрийн дуу хоолой болдог мэдээллийн суваг юм. Тэгвэл энэ сайтад өнөөдөр “Монгол улсыг эдийн засгийн хүндрэлээс гарахад Хятад улс туслаж чадах уу?” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.

Ху Вэйжягийн бичсэн энэхүү нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Монголын эдийн засаг уналтын ирмэг дээр ирж, уул уурхайгаас хамааралтай энэ улсын үндэсний валютын ханш огцом унан, засгийн газар нь тамирчдынхаа цалин хангамжийг олгож чадахгүй байгаа тухай мэдээллүүд хөвөрч ажиглагчид Монголыг дараагийн Венесуэль болох вий хэмээн харж байна.

Мэдээж хөрш орных нь нөхцөл байдал доройтох бол Хятадын ашиг сонирхол биш.

Монголын эдийн засгийн хөгжилд учирсан саадыг даван гарахад нь Хятад улс санхүүгийн тусламж үзүүлэх тухай бодох цаг ирснийг үгүйсгэхгүй.

Лхагва гарагт Ройтерс агентлаг мэдээлэхдээ Монгол улсын төсвийн алдагдал ДНБ-ийхээ 20.6 хувьд хүрснийг дурдсан нь төсөөлж байгаагүй үр дүн юм.

Одоо Монголын засгийн газрын нэн тэргүүний зорилт нь төсвийн алдагдлыг бууруулах арга хэмжээг яаралтай авч, энэхүү алдагдлыг өсөн нэмэгдэх эрсдлээс зайлсхийх хэрэгтэй болж байна.

Хятад улс урт хугацаанд найрамдалт харилцаатай явж ирсэн Монгол улсад буцалтгүй тусламж, зээл олгосоор ирсэн түүхтэй. Торгоны зам төслийн нэг гол оролцогч нь Монгол улс гэдгийг харгалзан үзэж харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэд бүтэц, эрчим хүч, эрдэс баялгийн салбарт нь хөнгөлөлттэй зээл, санхүүгийн тусламж үзүүлэх замаар төсвийн алдагдлаа багасгахад нь Хятад улс туслах хамгийн тохиромжтой цаг үе ирж байна.

Өмнөд Америкийн Венесуэль улсад Хятадын үзүүлсэн “зээлийг газрын тосоор” гэсэн хамтын ажиллагаа нь дэлхий нийтийн анхаарлыг улам бүр татаж байгаа. Олон улсын хөрөнгө оруулагчид энэ улсад туслахаасаа болгоомжилж байх тэр үед Хятад улс Венесуэлийн сүүлийн найдвар болсон юм. Энэ жишгээр бид Монголд “зээлийг эрдэс баялгаар” загварын хамтын ажиллагааг санал болгох боломжтой.

Хятадын тусламж эдийн засгийн хямралтай тэмцэхэд нь нэмэр болох ч хямралаас бүрэн гарах эсэх нь Монгол улс өөрөө хэр тогтвортой, оновчтой санхүүгийн систем бий болгохоос хамаарах нь гарцаагүй. Мягмар гарагт Ройтерс Монголын засгийн газар ам.доллар, юаний нөөцөө шавхаж байгаа талаар мэдээлжээ.

Энэ тохиолдолд Монгол улс Хятадтай санхүүгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, төгрөг-юаний свопын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй болох нь харагдаж байна.

Одоогийн эдийн засгийн хямрал нь олон хүчин зүйлээс үүдэлтэйн дотор гадаадын хөрөнгө оруулагчдад таагүй ханддаг байдал багтаж байгаа. Бусад улсын хөрөнгө оруулагчид мөнгөө татаж байгаа энэ үед Монголчуудад Хятадтай хамтрахаас өөр сонголт бараг байхгүй болжээ. Иймээс Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа нь бүс нутгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой болоод байна.