Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг НЭЭЛТТЭЙ явуулахыг уриаллаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нээлттэй Ардчилсан Нам-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүдэд хандаж маргааш буюу наймдугаар сарын 25-ны өдөр болох Үндэсний Зөвлөлдөх Хорооны хуралдааныг хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй явуулахыг уриалж мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөний зохицуулагч, үүсгэн байгуулагч Д.Сайнбаяр "Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй болсон, ард түмэнч шинэчлэлийг хүлээж байгаа учраас манай хөдөлгөөн байгуулагдсан. Намын зүгээс биднийг сонсож байгаа. Үүний илрэл болж намын дэргэд шинэчлэлийн хороо байгуулаад байна. 

Ерөнхийдөө бид намаа дотоод ардчилалтай, ёс зүйтэй, ил тод байдлыг хангасан бодлогын нам болох зорилгыг тавьж байгаа. Улс орны хөгжил дэвшилд бодитоор нөлөөлөх хэмжээний алсын хараатай улс төрийн хүёнийг цогцлоон бүтээх шаардлагатай байгаа учраас бид шинэчлэлийг намаасаа эхлүүлж байна. Намын шинэчлэлийг эсэргүүцэх нэг ч Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн байхгүй гэдэгт итгэлтэй байна.

ҮЗХ-ны хурал хаалттай болж хэвшсэн хэдий ч зарчмынхаа дагуу ҮЗХ-ны хурал нь нээлттэй явагдах ёстой.  Хаалттай хуралдах шаардлагатай зарим асуудлууд байж болох ч хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэх, тэдгээрийн аль нь хаалттай хэлэлцэгдэх шаардлагатай байгааг тодорхойлон хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд явах боломжтой" хэмээн ярилаа.

Нээлттэй Ардчилсан Нам-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнөөс доорх гурван шалтгааны улмаас ҮЗХ-ны хурлыг нээлттэй явуулах шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.

  1. Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүд нь дунд шатны намаас сонгогдон тэднийг төлөөлж ажилладагийнх нь хувьд намын гишүүд ҮЗХ-ны хурлын уйл ажиллагааг ажиглах эрхтэй.
     
  2. Хэдийгээр ҮЗХ-ны сонгуулийг явуулаагуй удсан ч та бүхнээс АН-ын шинэчлэлийг эхпүүлэх чухал асуудлыг хэлэлцэн зөв шийдвэр гаргана гэж намын гишүүд итгэж байна. Намын шинэчлэлийг эхлүүлэх, намын даргыг сонгох зэрэг асуудал нь зөвхөн Ардчилсан намын гишүүд төдийгуй олон нийтийн анхаарах ёстой чухал асуудал. 
     
  3. Өнгөрсөн хугацаанд ҮЗХ-ны хурлыг хаалттай явуулдаг болсноор Ардчилсан Намын дотоод ардчилал, хариуцлагын механизмд сөргөөр нөлөөлж, үйл ажиллагаа нь олон нийт, намын гишүүдийн хараа хяналтын гадна үлдэж явцуу эрх ашгийн төлөөлөл, фракцын хүрээнд шийдвэр гаргах нөхцлийг бүрдүүлсэн.

Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Нээлттэй Ардчилсан Нам-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зүгээс Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлыг олон нийт, хэвлэл мэдээллийн өмнө нээлттэй зохион байгуулахыг Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүдэд хандан уриалаад хурлын үеэр гэнэтийн бэлэг барина гэдгээ хэллээ.