Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Хятадын ухралт, Их Британий дэвшил

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Улс орон бүр Рио 2016 олимпийн наадамд хэрхэн оролцсоноо дүгнэцгээж байна. Тухайлбал манай урд хөрш Хятад улсын хувьд тааруу үр дүнтэй оролцсоноо ид хэлэлцэж байна. Рио 2016 нь Хятадын хувьд сүүлийн 20 жилийн хамгийн муу үзүүлэлттэй Олимпийн наадам болжээ.

Бас 2004 оноос хойш Хятад улс анх удаагаа медалийн үзүүлэлтээр дэд байрнаас мултарсан байна.

Хятадын оронд энэ жил Их Британи хоёрдугаар байрт орж ирсэн нь санаандгүй явдал байлаа.

 

Тэмцээний өмнө Хятадын хэвлэлүүд дор хаяж 30 алтан медаль авна гэж тооцоолж байсан бол бодит байдал дээр 26-г авч дөрвөн алтан медаль дутсан юм.

2008 онд тэд 51 алт авсан бол 2012 онд 38-ыг авч байжээ.

Харин Хятадын оронд тодорч гарсан Их Британичууд сүүлийн 108 жилийнхээ түүхэнд анх удаа дэд байранд орсон байна.

Усанд үсрэлт, гимнастик гэсэн төрлүүдээр Британичууд анх удаагаа алтан медаль хүртжээ.

Гэхдээ энэ амжилтын цаана Британий засгийн газар багагүй мөнгө хөрөнгө зарцуулсан нь тодорхой болсон байна. Тухайлбал 1996-2000 онд Нэгдсэн Вант Улс 5-54 сая паунд жил бүр зарцуулж ирсэн бол 2013 оноос хойш жил бүр дунджаар 116 сая паунд зарцуулдаг болжээ.

Хятадын сошиал сүлжээнд Британичуудыг урдаа оруулсандаа гутарсан сэтгэгдлүүд хөвөрч байгаа бөгөөд зарим нь “дарангуйллын зуун үргэлжилсээр” (Хятадыг Британи түрэмгийлж байсан түүхэн цаг үе) байгаа нь энэ үү? хэмээн хошигноцгоож байна.

Гэхдээ Хятад улсын авсан нийт медалийн тоо Их Британийхаас 3-аар илүү байгаа нь тэднийг тайвшруулж байгаа гэнэ.