Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Зохиомол хэрэг үүсгэсэн явдалд АНУ-ын Олимпийн Хороо Бразилаас уучлал гуйжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Хэрэг гарсан шатахуун түгээх станц

АНУ-ын Олимпийн Хороо өчигдөр өөрийн усан сэлэлтийн тамирчдын өдөөсөн хэрэг явдалд Бразилийн талаас уучлал гуйж байгаагаа мэдэгджээ.

Райан Лохте, Жэймс Фейген, Гуннар Бэнц, Жэк Конгер гэсэн дөрвөн тамирчин өнгөрсөн Ням гарагийн өглөө Бразилд буу тулгуулан дээрэмдүүлсэн гэж мэдээлэл хийсэн юм.

Гэвч хэргийг шалгасан цагдаа нар нотлох баримт олсонгүй. Харин эсрэгээрээ Америк тамирчид нэгэн шатахуун түгээх станцад танхайрч, бүдүүлэг зан гаргасан нь тогтоогджээ.

Тэд уг шатахуун түгээх станцын байрны хана руу шээсэн тул эзэн нь тамирчдад шаардлага тавьсан байна. Ингээд цагдаа дуудсан ба тамирчид цагдаа нарыг ирэхээс өмнө машиндаа суун зугтах гэж оролдоход станцийн хамгаалалтын ажилтан буу гаргаж тэднийг саатуулах гэжээ.

Харин сүүлд тэдгээр тамирчид худал хэрэг зохион ярьж замд явахад нь буутай этгээдүүд зогсоож дээрэмдсэн гэж мэдэгдсэн юм.

АНУ-ын Олимпийн хорооны мэдэгдэлд “тамирчдын гаргасан үйлдэл нь зөвтгөх аргагүй” гээд АНУ-ын багийн үнэт зүйлд харшилж, бусад тамирчдын нэр төрийг сэвтээх уршигтай гэжээ.

“Бид АНУ-д буцсаных нь дараа эдгээр тамирчдын асуудлыг шалгаж, үр дагаварыг нь тооцох болно” гээд Рио 2016 наадмын зохион байгуулагчдаас болон Бразилийн ард иргэдээс уучлал гуйж байгаагаа илэрхийлсэн байна.

Асуудал дэгдэхээс өмнө буюу Даваа гарагт Олимпийн 12 медальт тамирчин Райан Лохте нутаг буцсан байжээ.

Үлдсэн тамирчид нь Пүрэв гарагт буцах гэхэд Бразилийн цагдаа мэдүүлэг авах шаардлагатай гэж үзэн хоёр тамирчныг онгоцноос буулган саатуулсан юм.

Өөр эх сурвалжийн мэдээллээр эхэндээ худал мэдүүлэг өгч байсан Жэймс Фейген сүүлдээ буруугаа хүлээж Бразилийн нэгэн буяны санд $11,000 хандивлахаар тохиролцоод Бразилаас явжээ.

Харин эрт нуцаг буцаж амжсан Райан Лохте өөрийн твиттер хуудсанд уучлал гуйсан мэдэгдэл нийтэлсэн байна.

Түүнд өгүүлснээр хэл нэвтрэлцэхгүй байсан нь шатахуун түгээх станцийнхантай буруу ойлголцоход хүргэсэн гэж тайлбарлаад, үүнд өөрийнх нь анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэжээ.

Ийнхүү Америкийн усан сэлэлтийн тамирчдын Рио дахь адал явдал өндөрлөлөө.

 

Эх сурвалж: Time.Com