Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ холер өвчин тарааж олон мянган хүнийг үхэлд хүргэснээ анх удаа хүлээн зөвшөөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

2010 онд Гайтид холер өвчин тарааж, сая орчим хүнд халдаан, нутгийн 9,200 орчим хүний аминд хүрснээ НҮБ албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

Энэ нь түүхэнд анх удаа НҮБ өөрийн алдааг хүлээн зөвшөөрсөн явдал юм.

Гайти бол дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг.

Тэнд үе үе байгалийн болон хүний үүсгэсэн гамшиг болж байдаг. Гэвч 2010 оноос өмнө холер эдгээр гамшгийн тоонд орж байгаагүй юм.

Тэр үед Гайтид болсон их газар хөдлөлтийн дараа НҮБ энхийг сахиулагчдыг илгээж байв. Ингэхдээ НҮБ энхийг сахиулагчдыг илгээхээсээ өмнө холер өвчтэй эсэхийг нь шалгаагүй, тэдний байрлах хуарангийн бие засах газрыг шаардлагатай хэмжээнд байгуулж өгөөгүй байна.

Үүний үр дүнд энхийг сахиулагчдын бохир шууд Гайтийн иргэдийн гол усан хангамж болсон голд цутгажээ.

Артибоните гол нь Гайти хүмүүсийн унд, угаалга цэвэрлэгээний хэрэгцээг гол хангагч нь юм. Хэдийгээр холер нь урьдчилан сэргийлж, эмчилж болохуйц өвчин ч тэр дороо маш эрчтэй тархаж эхэлсэн байна.

Үүний дараа НҮБ ямар нэг эмчлэх арга хэмжээг авахаас татгалзаж байсан юм. Энхийг сахиулагчид ч өөрсдийгөө хамгаалж, нутгийн иргэдийн дотроос холер дэгдсэн гэж мэдэгдэж байв. Гэвч урьд өмнө нь Гайтид холер байгаагүй юм.

Гайтийн шүүх энэ асуудлаар НҮБ-ыг дуудаж байсан ч тэд тоож үзэлгүй өнгөрдөг байжээ. Ингээд эцэст нь Нью Йоркийн дүүргийн шүүхэд дуудагдсанаар НҮБ ил гарч ирж байв. Гэхдээ өөрсдийн хүчээр лобби хийж уг хэргийг дарагдуулан, хариуцлага үүрэхээс зугтсан хэвээр байлаа.

Харин саяхан НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн энэ талаар дуугарч эхэлжээ. Тэр удахгүй хугацаа нь дуусаж, ажлаа хүлээлгэж өгөх гэж байгаа. Бан Ги Мүүн НҮБ-ын нэр төрд харш түүхийг өв болгон үлдээхийг хүсээгүй бололтой.

Тэр саяхан Гайтийн гамшгийн асуудлыг шийдэх хэрэгтэй талаар дотооддоо мэйл бичсэнийг New York Times мэдээлжээ. Түүнийг залгамжлахаар өрсөлдөж байгаа нэр дэвшигчид ч энэ асуудлыг шийдэхээ амлаж байгаа юм.

Ийнхүү таван жил орчим үргэлжилсэн маргаан шийдэгдэх талдаа орж байна.

 

Эх сурвалж: The Conversation