Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: 13 дахь өдөр болсон тэмцээний ҮР ДҮН

ikon.mn
2016 оны 8 сарын 19
iKon.MN

Испанийн таэквондоч ялагдснаар П.Тэмүүжинд боломж өгсөнгүй

 

Риогийн олимпийн 13 дахь өдөр таэквондогийн спортын 68 кг-ийн жинд ОУХМ П.Тэмүүжин эх орноо төлөөлөн тулалдлаа. Тэрээр уг спортын төрлөөр олимпод оролцож буй Монголын анхны тамирчин болж түүхэнд нэрээ үлдээж буй юм. Түүний урьдчилсан шатанд тулсан эхний өрсөлдөгч Мексикийн Саул Гутирреc байв. Тус тулааны эхний хоёр үед манай тамирчин олон оноо алдсан ч гэсэн сүүлийн 3-р үед гайхалтай эргэн ирэлт хийснээр 12-11-н харьцаатай ялалт байгуулсан юм. 

Улмаар шөвгийн наймд Испаний Жоел Гонзалезтай учраа таарсан. 2012 оны Олимпийн алт, Дэлхийн хошой аварга Гонзалез уг тулаанд туршлагаар илүүрхэж 7:4-өөр ялсан. Уг тамирчны амжилтаас шалтгаалж манай тамирчин дагах тулаан хийх байсан. Гэвч Испанийн таэквондоч ялагдснаар П.Тэмүүжинд боломж өгсөнгүй.
Ийнхүү П.Тэмүүжингийн хувьд анх удаа олимпийн наадамд оролцож шилдэг наймд үлдсэн амжилтаар олимпийн наадмыг өндөрлүүллээ. "Алдар" спорт хорооны тамирчин П.Тэмүүжин ийнхүү Монголын таэквондогийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, 22 насандаа олимпийн утаа үнэрлэлээ.

Э.Сумъяа дагах барилдаан хийх боломжгүй болсон 

 

Чөлөөт бөхийн тамирчдаас энэ өдөр 53, 63 кг-д манай хоёр бөх зодоглосон. ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа 53 кг-ийн жиндээ эхний барилдаанаа Польшийн Катерина Кравцыктай хийж 8:6 оноогоор ялагдсан. Европын наадмын мөнгөн медальт тус тамирчин дараагийн шатандаа ялагдсанаар Э.Сумъяа дагах барилдаан хийх боломжгүй болсон юм. 

С.Батцэцэг дагах барилдаан хийгээгүй

 

Дэлхийн хошой аварга С.Батцэцэг чансаа өндөр учир 2-р шатнаас тэмцээнийг эхлүүлсэн. Тэрээр шөвгийн 16-д Нигерийн Блессин Оборудудутай таарч хүнд барилдааны эцэст торгуулийн оноогоор ялалт байгуулсан. Улмаар дараагийн шатанд АНУ-н Елена Пирожковатай оноолт таарч мөн ширүүн тэмцсэн ч 3:2-оор харамсалтайгаар дийлдсэн юм. ДАШТ-ий алт, мөнгөн медальт Орос гаралтай уг бүсгүй финалд шалгарч чадаагүй учир С.Батцэцэг дагах барилдаан хийгээгүй. 

 

Эх сурвалж: МҮОХ