Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ширээний теннис дэхь Хятадын ноёрхол энэ спортын хөгжилд саад болж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн Рио 2016 наадмын ширээний теннисний төрөлд маш олон Хятад тамирчид иржээ. Маш олон гэдэг нь тус улсаас гадна дэлхийн бусад улс орнуудаас олон тооны Хятад гаралтай тамирчид ирснийг хэлж байна.

Нийт 56 орны тамирчид медалийн төлөө өрсөлдөж байгаагийн дотор 21 Хятад гаралтай тамирчин байгаа юм. Хэрвээ үүн дээр Хятад, Хонг конг, Тайвань зэрэг улсуудын тамирчдыг нэмбэл нийт 172 тамирчнаас 57 нь хятад хүн болж байна.

Тухайлбал Швед, Польш, Украин, Австрали, Турк, Катар, Люксембург улсуудын багт хятад тамирчид багтжээ.

1989 онд Европт цагаачилсан 53 настай Ни Шяльян гэхэд Люксембургээс ирж тоглож байгаа юм.

2009 оны Иокохамагийн ДАШТ-нд түрүүлж байсан Ли Пинь 2014 онд үндэсний багаасаа гарч 2015 оноос Катарт тоглох болжээ.

“Хятадын эсрэг Хятад” гэсэн тоглолт Рио 2016 дээр хэд хэд тохиолдсон байна. Тухайлбал Германы Хан Инь Францын Ли Шутай эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд, Хятадад төрсөн Фен Тяньвэй Сингапурын өмнөөс Люксембургийн Нитэй гэх мэт.

Африк тив ч үүнийг тойрсонгүй. 26 настай Шинь Хан өнөөдөр Конгыг төлөөлж Рио 2016-д ирээд байна. Тэр Шанхайн багт тоглодог байгаад 2006 онд зодог тайлж дасгалжуулагч болсон. Сүүлд 2008 онд Конгод дасгалжуулагчаар ирээд эцэстээ тамирчин нь болжээ.

Гэвч энэ хандлагад гадныхан тийм ч дуртай биш байна. Люксембургийн дасгалжуулагч Томми Даниелсон Германы  Die Welt сонинд ярихдаа Хятад тамирчдыг нутагшуулснаар өөрийн дотоодын тамирчдын хөгжих боломжийг хааж байгааг шүүмжилсэн байна.

Тэр Олон Улсын Ширээний Теннисний Холбоонд хүсэлт гаргаж хязгаарлалт тавихыг шаардахаар болжээ. Уралдаан тэмцээнүүдийн эхний дөрвөн байр баталгаатай Хятадуудынх болж байгаа нь уг спортын төрлийн хөгжлийг саатуулж байна гэж тэр үзэж байгаа юм.

Мөн саяхан Өмнөд Солонгосын нэг гэр бүл авьяаслаг Хятад тамирчин хүүхдийг өргөж авах гэснийг Сөүлийн шүүх зөвшөөрөөгүй байна.

Хосын нэг нь Өмнөд Солонгостоо алдартай ширээний теннисний тамирчин байсан нь Хятадаас хүүхэд өргөж авах зорилгыг нь харуулж байна.

Үүнийг Хятадууд ч хүлээн зөвшөөрч Хятадын Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгч Цай Женхуа 2009 онд мэдэгдэхдээ Хятадуудын хэт давамгайлал нь эргээд уг спортын хөгжилд саад болох тул Хятад дасгалжуулагч нарыг гадаад орнуудад явуулах, гадаад тамирчдыг Хятадын сургууль клубуудэд урьж тоглуулах хэрэгтэйг онцолж байв.

Хятадуудын ноёрхол нь тэдний уламжлалт бэлтгэлийн арга техниктэй холбоотой гэж үздэг. Дотоод өрсөлдөөн маш өндөр тул 15-16 нас хүртлээ ямар нэг амжилт гаргахгүй л бол ширээний теннисний төрөлд ирээдүйгүй болдог гэж зарим тамирчид ярьж байсан нь бий.

Рио 2016-д ямар улсуудын өмнөөс Хятад тамирчид өрсөлдөж байгааг харуулсан зураглал:

 

 

Эх сурвалж: Quartz