Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: АРАВ дахь өдрийн АЛДАЛГҮЙ үзэх таван төрөл

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 15
iKon.MN

ХӨНГӨН АТЛЕТИК

 

Болтын гайхалтай уралдааны дараа үзэгчдийн анхаарал эрэгтэйчүүдийн 800 болон эмэгтэйчүүдийн 400 метрийн зай руу шилжих болно. 4 жилийн өмнө Лондонд түрүүлэхдээ дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож түрүүлсэн Кенийн Давид Рудиша энэ өдрийн оддын нэг байх учиртай. Энэ жилийн хамгийн өндөр үзүүлэлтийг эзэмшиж байгаа тэрээр 800 метртээ түрүүлж чадвал 1964 оноос хойш энэ зайд 2 дараалж түрүүлсэн эхний тамирчин болно.

АНУ-ын Алисон Фелкис хэрвээ 400 метрийн зайд түрүүлж чадвал 5 дахь алтан медалиа олимпоос зүүж, түүхэн дэх хамгийн өндөр амжилттай эмэгтэй хөнгөн атлетикч болох боломжтой. Лондоны аварга Санья Ричард Росс зодог тайлсан учир түүний гол өрсөлдөгч нь 2008 оны аварга Их Британы К.Охуруогу байх болно. Өөрийн амжилт үзүүлдэг 200 метрт эрхээ авч чадаагүй Феликс өмнө нь 400 метрт олимпоос медаль авч байгаагүй ч өнгөрсөн жил дэлхийн аваргад түрүүлсэн билээ.

ЗАДГАЙ УСАНД СЭЛЭЛТ

 

Заалны усанд сэлэлтийн тэмцээнүүд дууссан ч тамирчдын тэсвэр тэвчээрийг жинхэнэ утгаараа шалгадаг задгай усны сэлэлтийн тэмцээнүүд өнөөдрөөс эхэлж байна. Копакабанагийн эрэг дээр 10 км-ийн зайд явагдах тус тэмцээний өмнөх асуудлууд одоо ч асуудал дагуулсан хэвээр байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Риогийн эргийн дагуух усны бохирдол хэвийн хэмжээнээс өндөр байгааг тогтоож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохуйц вирустэй хэмээн анхааруулга гаргасан. Ийм нөхцөлд өнөөдөр эмэгтэйчүүд, маргааш эрэгтэйчүүд өрсөлдөх болно. Лондонд түрүүлсэн Унгарын Эва Ристов энэ өдрийн гол фаворит байх болно. 

ЗҮЛЭГНИЙ ХОККЕЙ

 

Монголд төдийлэн өндөр түвшинд хөгжөөгүй ч үзээд суувал уран техник, ухаалаг тактикийн үйлдлүүдээрээ таныг өөртөө татаж чадах зүлэгний хоккейн шөвгийн наймын тоглолтууд өнөөдөр явагдана. Эдгээрээс 4 жилийн өмнөх финалын тоглолт энэ шатанд явагдах болсныг бид онцолж байна. Эмэгтэйчүүдийн төрөлд Лондонд аваргалсан Нидерландын шигшээ Аргентинтай өрсөлдөх болно. А хэсгийг ялагдалгүй тэргүүлсэн Нидерланд энэ тоглолтын фаворит байх учиртай ч бараг л нутагтаа буй аргентинчууд хариугаа авахыг хүсэх нь тодорхой. Б хэсгийг тэргүүлсэн Их Британи Испанитай, АНУ Германтай, Австрали Шинэ Зеландтай тус тус таараад байна.

ТАНХИМЫН ДУГУЙ

 

Лондоны олимпоос эхлэн нэмэгдсэн омниум буюу 6 төрлийн нийлбэр дүнгээр аваргаа тодруулдаг төрөл фенүүдийн хамгийн их сонирхдог төрөл аль хэдийн болчихоод байгаа. Хамгийн төгс тамирчинг тодруулдаг гэгддэг уг төрлийн дүрэм ёсоор тамирчид бүтэн 2 өдрийн турш бөөн, цуваа, хасагдах гэх мэт нийт 6 төрлөөс оноо цуглуулсны эцэст ялагчаа тодруулдаг юм. Сүүлийн аравны дугуйн ертөнцийн өнгийг тодорхойлогчдын нэг Марк Кавендишийн хувьд энэ уралдаан их чухал. Тэр Тур Де Францын 30 гараанд түрүүлж, дэлхийн аварга болон бараг бүх цувралуудад аваргалсан ч олимпоос л медаль хүртэж байгаагүй. 2008 онд Британы дугуйн багаас ганцаараа медальгүй хоцорч, 2012 онд цуваа гараанд бүтэлгүйтчихсэн. Эхний өдрийн дараагаар тэрээр 3-р байрт Франц, Италийн тамирчдын ард бичигдэж байгаа. 2 удаагийн дэлхийн аварга Колумбын Фернандо Гавира 5-р байрт яваа юм. Кавендишийн хувьд хамгийн сүүлчийн боломж нь ч энэ байж магадгүй. 

ГИМНАСТИК

 

Өнөөдөр спортын гимнастикийн төрөлд нийт 3 баг медалийн эзэд тодрох учиртай. Эрэгтэйчүүдийн цагариг дасгалын төрөлд нутгийн тамирчин Артур Занетти алтан медаль хүртэх гол магадлалтай тамирчинд тооцогдож байгаа. Энэ дасгалд 2012 оны Лондоны олимпод түрүүлж гимнастикийн төрлөөр олимпоос медаль хүртсэн анхны латин америк тамирчин болж байсан тэрээр сүүлийн 4 дэлхийн аваргын 3-т нь медалийн тавцанд гарч байсан учир хөгжөөн дэмжигчдийн хувьд гимнастикаас эхний алтаа хүлээж байгаа нь гарцаагүй. Үүнээс гадна харайлтын төрөлд урьдчилсан шатанд тэргүүлсэн БНАСАУ-ын Ри Сегванг болон ОХУ-ын Д.Аблязин нарын хооронд гол өрсөлдөөн өрнөнө.