Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүл мэндийнхэн А.Цогцэцэгт итгэж байна"

ikon.mn
2016 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Зургийн эх сурвалж: http://sonin.mn/news/easy-page/61426

Засгийн газарт нэр нь огт дурдагдаагүй хүний нэг бол эмч А.Цогцэцэг. Мэргэжил нэгт нөхөд нь бол Эрүүл мэндийн салбараа аваад явчих цөөн хүний нэг гэж ярилцдаг.

Арьсны өвчин судлалын үндэсний Төвд 1986 оноос хойш тасралтгүй хөдөлмөрлөж, сүүлийн 13 жилд тус төвийн даргаар ажилласан түүнийг салбарынхан нь тийнхүү үнэлдэг. Мэргэжилдээ үнэнч, хөдөлмөрч, тууштай зан чанарыг нь хамт олон нь сайн мэддэг. Баг хамт олноо удирдах чадвартайг нь он жилүүд харуулсан. Зах зээлийн хүнд жилүүд, эдийн засгийн хүндрэлтэй он жил, тааламжтай үе гээд 13 жил тус төвийг удирдахдаа түүний хийсэн бүтээсэн бүхэн нь талархлыг хүлээсэн. Эмч, бага эмч, сувилагч, асрагч, техникчийнхээ цалинг жилээс жилд нэмж, нийгмийн асуудлыг шийдэж, эмнэлгээ өргөжүүлэн хөгжүүлж, өргөтгөл барьж, сувилал нээж чадсан.

Эмнэлгээ загвар эмнэлэг болгож, анх удаа олон улсын ISO батламжийг гардан авсан түүх түүнийх. Эмнэлгийн ажилтнуудынхаа ажлын орчинг сайжруулах, өвчтөн үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай байдлыг ч энэ хугацаанд бий болгож чадсан гавьяатай.

А.Цогцэцэг өнөөдрөөс эхлэн АӨСҮТ-ийн захирал биш, Эрүүл мэндийн салбарын А.Цогцэцэг боллоо.

Эрүүл мэндийн салбарт хийх олон ажил түүнийг хүлээх ёстой байжээ гэж нөхөд нь хэлж байна. Зах зээлийн харилцаанд ороогүй, хуучин нийгмийн тогтолцооноосоо ангижраагүй цорын ганц салбар бол Эрүүл Мэндийн салбар гэж нийгэм даяараа мэднэ. Шинэ тогтолцоонд шилжүүлэх автор нь А.Цогцэцэг байх нь гэж эрүүл мэндийн салбарынхан хүлээж байна.

Эрүүл мэндийн ажилтан, эмч, бага эмч, сувилагчдын цалин мөнгийг нэмэх шаардлага байгаа. Улсын төсвийг харвал бүтэхгүй. Эрүүл мэндийн байгууллагуудыг аж ахуйн тогтолцоо, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, өөрийгөө удирдах хамтын удирдлагын ёс зарчимд шилжүүлж өгөхийг хүлээж байна. Мэдээж, эмч нарын ухамсар, ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэн дээшлүүлж, Монголдоо Монгол хүнээ эмчилдэг болох суурийг тавихыг ч ард иргэд хүлээж байна. Ийм нэгэн хүлээлттэй сайд нь А.Цогцэцэг болох байжээ. Сонгуулиар ард иргэд МАН-д итгэсэн шиг, эрүүл мэндийнхэн А.Цогцэцэгт итгэж байна.

Л.Гантуяа