Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс 250 гаруй тамирчин Рио 2016-д илгээх болсноо зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр ОХУ-ын Олимпийн Хороо нийтдээ 250 гаруй тамирчнаа ирэх сард болох Рио 2016 Олимпийн наадамд илгээх болсноо зарлажээ.

Уг нь Олимпийн баг нь 387 тамирчинтай боловч Путины нэрлэсэн “ялгаварлан гадуурхсан” шалтгаанаар 100 гаруйг нь оролцох эрхгүй болгосон гэнэ.

Эдгээрийн дотор хөнгөн атлетикийн 68 тамирчин багтаж байгаа юм.

Олимпийн тамирчдыг үдэх ёслолын үеэр Путин хэзээ ч сэргээш илэрч байгаагүй Елена Исинбаева зэрэг оддыг оролцуулахгүй болсонд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

“Бид сэргээштэй хэзээ ч нэр холбогдож байгаагүй тамирчдаа ялгаварлан гадуурхахыг тэвчихгүй” гэж Путин тамирчдаа Риод үдэх арга хэмжээний үеэр Кремльд хэлсэн байна.

“Олон төрөлд тэргүүлдэг Оросын тамирчдыг хассанаар өрсөлдөөний чанар муудаж, тэмцээн нь жүжиг болох нь тодорхой” гэж тэр бас хэлжээ.

Энэ үеэр Олимпийн хоёр удаагийн аварга Исинбаева нүдэндээ нулимстайгаар тамирчдыг үдэн, тэднээс “юу чаддагаа харуулах хэрэгтэйг” уриалсан байна.

Оросын Олимпийн Хорооны тэргүүн Александр Жуков Рио 2016-д явах тамирчдын бүрэн жагсаалтыг долдугаар сарын 30-нд зарлахаа мэдэгджээ.

Ингэж хойшлуулсан шалтгаан нь зарим спортын холбоод, тухайлбал гимнастикийн төрлийн тамирчдын хариу ирээгүй байгаатай холбоотой бололтой.

Энэ долоо хоногийн эхээр Олон улсын Гимнастикийн Холбоо Оросын 21 тамирчнаас оролцох боломжтой тамирчдын жагсаалтыг гаргаж, ОУОХ-ноос эцсийн зөвшөөрлийг хүлээж байна гэж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty