Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ухаалаг гар утасны хэрэглээ Азийн орнуудыг “нүдний харааны хямралд” оруулж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Номура судалгааны байгууллагаас гаргасан саяхны тайланд түгшүүр төрүүлэхүйц мэдээлэл нийтлэгджээ.

Үүнд Хятад болон зүүн өмнөд Азийн орнуудын иргэдийн нүдний хараа дэлхийн дунджаас хамаагүй ихээр муудаж байгааг дурдсан байна.

Тухайлбал, 2012 онд Хятадын 500 сая иргэн нүдний харааны эмгэгтэй байжээ. Тэдний 450 саяынх нь холын хараа эрс муудсан. Энэ нь Хятадын хүн амын гуравны нэг болж байгаа юм.

Судалгаагаар 2020 он гэхэд Хятадын хүн амын тал нь буюу 700 сая хүн холын хараагүй болохоор байна.

Тайваньд байдал бүр хүнд. Хүн амын талаас дээш хувь нь буюу 11.5 сая хүн холын хараагүй болжээ. Ийм эмгэг өсвөр насныхны дунд давамгайлж байна.

Жишээ нь Хятадын хүн амын 6-15 насныхны 47 хувь, 16-25 насныхны 55 хувь нь холын хараа муутай болжээ.

Азийн хөгжингүй орнууд болох Хонг Конг, Тайвань, Сингапур, Өмнөд Солонгос зэрэг орнуудын 20 хүртэл насныхны 80 хувь нь холын харааны бэрхшээлтэй болсныг Номурагийн судалгаа харуулж байна.

Харин АНУ, Европт энэ үзүүлэлт 50 хувь орчим байгаа нь 50 жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.

Холын хараа муудах шалтгааныг “суудлын ажил, байгалийн гэрэлд байх хугацаа буурсан, сургуулийн дарамт, электроник төхөөрөмж ихээр ашиглах болсон” гэж дүгнэжээ.

Үүний нэг гол шалтгааныг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн ухаалаг гар утасны хэрэглээ гэж үзэж байна.

Холын хараа муудаж байгаатай холбоотой бий болсон өөр нэг үзэгдэл нь нүдний шилний худалдааны өсөлт. Судалгаагаар нүдний шилний дэлхий нийтийн борлуулалт энэ жил $121 тэрбумд хүрэх бол 2021 онд $136 тэрбум болох гэнэ.

Контакт линзний зах зээл ч мөн нэмэгдэж 2010 онд дэлхий даяар борлуулалт нь $6.1 тэрбум байсан бол 2015 онд $7.4 тэрбум, 2019 онд $9.3 тэрбумд хүрэх тооцоо гарчээ.

Одоогоор контакт линзний зах зээлийн 43 хувийг АНУ дангаар эзэлж байгаа бол Хятад улс үүнээс 10 хувь бага байгаа. Гэвч өнгөрсөн онд өсөлт нь 34 хувь байсан Хятадын хэрэглээ удахгүй АНУ-ыг давж гарахаар байна.

 

Эх сурвалж: Business Insider