Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Made in Khentii” брэндийн пүүзний үйлдвэр удахгүй нээлтээ хийнэ

Г.Ганчимэг
2016 оны 7 сарын 23
Зууны мэдээ
Зураг зураг

Орчин үеийн спортлог залуусын өвөрмөц сонголт нэгээр нэмэгдэхээр байна. Ирэх сарын эхээр Хэнтий аймагт пүүзний үйлдвэр албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөж буй юм.

Европ хэв загварынх ч гэлээ Монгол залуусын өдөр тутмын хэрэглээний нэг болсон энэхүү “даяаршлын бүтээгдэхүүн”-ийг Монгол хэв загвартай болгосон гэдэг тайлбарыг анх сонсоод жаахан эргэлзэж байлаа.

“Монгол хэв загварын пүүз гэж юу байх вэ. Яагаад заавал ингэж нэрлээд байгаа юм бол” гэж бодож байсан юм.

Гэтэл спорт болон европ загварын хувцсан дээр өмсч болохуйц хэр нь Монгол ахуйн соёлоос тусгаж өгсөн дизайны шийдэлтэй учраас л ингэж яриад байсан юм билээ.

“Made in Khentii” брэндийн пүүзний үндсэн гурван загвар гараад байгаа аж. 

“Made in Khentii” брэндийн пүүзний үндсэн гурван загвар гараад байгаа аж. Тус үйлдвэрийн дизайнер Ө.Ууганбаяр “Анх 2014 онд Б.Туул багшийн шавь болж европ гутлын загвар зохион бүтээлт, технологийг сурсан.

 Гутал хийгээд хоёр жил болж байна. Өнгөрсөн хугацаанд өөрийн ур чадварыг нэмэгдүүлэх, туршлагажих, гутлынхаа загвар хийцийг сайжруулахад л анхаарлаа хандуулж байлаа. Харин энэ оноос л бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд таниулж байна. Хамтран ажиллах багаа хэдийнэ бүрдүүлчихсэн” гэлээ.

Тэрээр анх гутал хийж сурахдаа л пүүзний зохион бүтээлтийг их сонирхдог байж. Дадлагын ажлаа ч хүүхдийн пүүз хийж хамгаалсан юм байна. Гэхдээ үндэснийхээ хэв маягтай яаж хослуулж, өөрийн нэрийн гутал хийх вэ гэдэг бүтээлч санаа эргэлдээд байж. Учир нь монголчууд үндэснийхээ эд өлгийн соёлоор бахархдаг ч гэлээ өдөр тутамдаа төдийлэн хэрэглэхгүй байгааг анзаарчээ.

Ээтэн, буриад, Хүннү загварын угалзтай гутлыг ихэвчлэн наадам, цагаан сар зэрэг үндэсний баяр ёслолд, хаяахан уул овооны тахилгад өмсдөг нь нууц биш. Тиймээс л өдөр тутамдаа ч, европ хувцсан дээр ч үндэсний хэв маягтай гутал яагаад өмсөж болохгүй гэж гэсэн санаагаар “Derby” загварын хүүхдийн гуталд хээ тавьж үзжээ. Их аятайхан болж, хэрэглэгчдэд ч таалагдав.

Тэгэхээр нь “жаахан давраад” пүүзээ чимэглэсэн гэж байгаа. Түүнээс хойш сав л хийвэл хийж байгаа гуталдаа хээ тавьчих гээд байдаг хоббитой болжээ. Үндэснийхээ хээ угалзын донжийг нь олоод жижигхэн ч гэсэн тавьчихад гутлын өнгө зүс сайжраад ирэх шиг санагддаг гэнэ.

Одоогоор үндсэн гурван загвар гаргаад байгаа ч захиалгаар хийсэн гутлаа олон хувь болгож хуулдаггүй. Дараагийн захиалгаа авахдаа хээ, эсвэл деталь хэсгийг нь заавал өөрчилдөг аж. Цаашид ч энэ зарчмаа барьж ажиллах гэнэ. Харин материалын хувьд өнгө, дотрын түүхий эдээ бэлтгэхдээ эх орныхоо  үйлдвэрийн арьс, ширийг ашигладаг. Мөн сайн чанарын импортын цэвэр арьсыг ч авч ашигладаг юм байна.

Шаардлагатай тоног төхөөрөмжүүд нь байгаа ч уллагаагаа hand made буюу гар аргаар хийхийг илүүд үздэг. Гар аргаар нааж, хадаж, оёсон уллагаа илүү эдэлгээтэй болдог аж.

Одоогоор ихэвчлэн пүүзэн хээ, эвэр угалзаар гутлаа чимэглэж буй юм билээ. Хээ угалз тавьдаг олон янзын уламжлалт аргууд бий. Тэр бүгдийг гуталдаа шингээхийг зорьж ажилладаг юм байна.

Гар аргаар нааж, хадаж, оёсон уллагаа илүү эдэлгээтэй болдог аж.

Монгол хээ угалз арвин баялаг болохоор дараа дараачийн загваруудаа ч цаасан дээр буулгаад эхэлчихэж.

Энэхүү хээ угалзтай пүүзийг залуучууд их сонирхдог байна. Ялангуяа гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа залуус гол захиалагч нь гэнэ. Харин дотоодын хэрэглэгчид одоохондоо уламжлалт хийцийн гутлаа захиалж байгаа аж.

Тэрээр Чингис хот дахь үйлдвэр дээрээ болон “Made in Khentii” гэдэг фэйсбүүк хуудсаар дамжуулан захиалга авдаг юм билээ.

Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн захиалгыг тухайн орон нутгийн шуудан, таксигаар дайчихдаг юм байна. Харин ирэх есдүгээр сараас Улаанбаатар хотод борлуулалтын цэгтэй болохоор бэлтгэл ажлаа хийж байна.  

Зураг