Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ухамсаргүй иргэдийн уршигт дагавар

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 7 сарын 25
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Туулын ус туналзаж, мэлтэлзээд өнөө жил тун элбэг байна. Улаанбаатарынхан ч эргээр нь битүү зулжээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой бол Туул голд ойр байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Энэ газрыг хүмүүс илүүтэй зорьж очдог. Биднийг очиход хоорондоо 300 хүрэхгүй метрийн зайтай тав, зургаан машин харагдав. 

Бүгд л майхан барьж, зарим нь хөх утаа суунаглуулан шорлог хийж суулаа. Хүүхдүүддээ эрэг дээр гудас дэвсэж өгчихөөд, томчууд нь усанд шумбаж байхтай ч таарав. Хар усан тохой хавьд бүртийх ч хог алга.

Өндөр модод, өтгөн ногоон зүлэг цэмцгэр харагдах нь бүр ч үзэсгэлэнтэй. Монголчууд ийм соёлтой болчихоо юу, эсвэл тарьсан хогоо цэвэрлэчихээд явдаг ухамсар суугаа юу гэсэн бодол төрснийг яана.

Хар усан тохой хавьд бүртийх ч хог алга. 

Дөнгөж очоод тухлахаар зэхэж буй залуус ч эргэн тойрноо цэвэрхэн байхыг хараад сэтгэл хангалуун буйгаа хэлсэн.

Бид эндээс голоо уруудаж жаахан явлаа. Айлуудын хашаа бараг л Туул голын эрэгт тулчихаж. Энд тэнд үхэр бэлчих нь ойролцоох айлынх бололтой. Голынхоо эрэгтэй ойролцоо айлуудтай болоод ч тэр үү хэсэг яваад л овоолсон хог таарч байв.

Биднийг түр саатах зуур гурван жуулчин голоор завьтай уруудаж явсан юм. Тэдний энэ зугаалга голын эрэгт тухалсан хүн бүрийн анхаарлыг эрхгүй татах аж. Туулын эрэг рүү зүглэх машинууд цуварсаар л. Хэсэгхэн яваад анхааруулах самбар тааралдана.

Туул голын эргээс 50 метр газар онцгой хамгаалалтын бүс. Хууль бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно” хэмээн самбарт бичжээ. Харин энэ анхааруулгыг анзаарч хардаг нь хэд бол доо. Могойт дэнжийн айлуудын яг харалдаа “Гол үертэй байхад архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ус руу орохыг хориглоно” гэсэн самбар харагдана билээ. 

Иргэдийг онцгой бүс рүү нэвтрэхэд нь “Эко хяналтын цэг”-ийнхэн хогийн уут өгдөг юм байна. Буцахдаа ууттай хогоо хяналтын цэгийн хажуугийн хогийн саванд хийх ёстой аж. Гэтэл биднийг энд саатахад хогоо авчирч төмөр сараалжин хашлага руу хийж буй иргэн харагдсангүй. Бас сараалжин хашаа хогоор дүүрч, гадуураа сагаад асгарчихаж.

ҮДЭЭС ХОЙШ ХҮМҮҮС ИРВЭЛ ҮЛДСЭН ГАЗРЫГ НЬ ЦЭВЭРЛҮҮЛНЭ

Манай сурвалжлах багийнхан эко хяналтын цэгийн ээлжийн ажилтан Н.Нэргүйтэй уулзлаа. Тэрбээр “Бид нэвтрэх бичиг авч байгаа машинуудад хогийн уут тараадаг. Гэвч хогоо уутанд хийж авчирч хаяж байгаа иргэн цөөн байх юм. Мягмар гарагт хорооны хэсгийн ажилтнууд Минж үржүүлгийн газраас Христийн сүмийн өмнөх амралтын газар хүртэл самнаж цэвэрлэсэн.

Гурван машин хог ачуулсан. Амралтын газраас дооших хэсгийг өнөөдөр цэвэрлэх ёстой. Үдээс хойш хорооноос сайн дураараа ажиллах хүмүүс ирвэл цэвэрлүүлэх байх. Ажлын өдрүүдэд харьцангуй цөөн хүн Туул голын эрэг рүү явдаг. Мягмар гарагт 60 гаруй машин хяналтын цэгээр нэвтэрсэн тэмдэглэл байна. Өнөөдрийн тоо хараахан гараагүй байгаа” гэлээ.

Бид эндээс уруудаж, Баянзүрхийн гүүрнээс баруун тийш голын эрэг дагуу явлаа. Тэнд хоорондоо бага зэрэг зайтайгаар хэд хэдэн сүүдрэвч хийжээ. Сүүдрэвч бүрийн хажууд хоёроос гурван машин харагдав. Хүүхдүүд бөмбөг тоглож, томчууд усанд шумбаж байлаа. Энэ хэсэгт хөл хөдөлгөөн ч ихтэй байв. 

Хуушуур, ундаа, шорлог гээд үйлчилгээ ч элбэг аж. Сүүдрэвчний хажууд хогийн сав тавьсан үзэгдэх ч гадна нь дөхүүлээд чулуудчихсан хог хаа сайгүй хөглөрнө. Ундааны сав, архины шил, элдэв төрлийн хүнсний бүтээгдэхүүний уут голын эргийг хогийн цэг болгон хувиргажээ. Ойртож очиход хогийн савнаас өмхий эхүүн үнэр хамар цоргино.

Баруун тийш хэдхэн километр яваад Их тэнгэрийн ойролцоо очлоо. Энэ хэсэгт мөн л хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

Замын хажуугаар машинууд эгнэн зогсчээ. Гартаа дэвсгэр, ундаа барьсан хүмүүс голын эрэг рүү алхана. Эргийн модон дундаас хэд хэдэн цэгт мөнөөх хөх утаа суунаглана.

Туул гол үертэй байгаа тул хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс Онцгойгийнхон газар дээр нь ажиллаж байна. Хайрлах учиртай хатан Туулын эрэг ийн олны хөлд дарагдаж, ахуйн бохирдлын голомт болж байна. Хог түүх ухамсартай хүн энд алга.

Уутанд хийсэн болоод л газар нь хаяад буцдаг аж. Хэдэн алхам яваад л уут нь урагдаж задраад газраар нэг хог тарчихсан байхтай их таарлаа. Овоолгоотой хогноос холгүйхэн тав зургаан сартай болов уу гэмээр хоёр нярайг голын эрэгт тулгаад гудсан дээр хэвтүүлчихсэн байх юм. 

Ээжүүд нь усан дотор зогсож байсан. Тэднийг хараад гэнэт их ус ороод ирвэл яана гэсэн айдас төрж явлаа. Учир нь бага насны хүүхэд усанд осолдсон хэрэг их гарч буй.

2016 он гарсаар иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан 17 аймгийн 29 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт усанд осолдсон дуудлага нийт 53 удаа гарч, 22 хүүхэд, насанд хүрсэн 41 иргэн амиа алдсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж, сэрэмжлүүлсэн. Ийн усанд осолдож амиа алдагсдын дийлэнх нь нийслэлийнх.

БАРИЛГЫНХНЫ ХОГ ДИЙЛДЭХГҮЙ БАЙНА

Туул голын хамгаалалтын захиргааны дарга Г.Долгорсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Туул голын эрэгт хог хаях үзэгдэл өнгөрсөн жилүүдийнхээс 30 хувиар буурсан.

Иргэдийн хаясан ахуйн хогийг байсхийгээд л цэвэрлэдэг юм. Харин барилгын хог дийлдэхгүй байгаа.

Иргэдийн хог хаядгийг болиулах үүднээс манайхан өдөр, шөнийн цагаар эргүүлд гарч байгаа. 

Барилгын компаниуд шөнийн цагаар хулгайгаар аваачиж асгадаг. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны орчим камер суурилуулсан.

Ингэлээ гээд байдал сайжирсангүй. Бидэнд шийтгэх эрх байхгүй болохоор шаардах хуудас өгөхөөс хэтрэхгүй. Гэхдээ өнгөрсөн жилүүдийг бодвол хур хог нь арай багассан. Барилгын компаниуд хогоо хаяхаа больчихвол Туул голын эрэг цэвэрхэн болно л доо. Даанч тийм ухамсар суухгүй л байна.

Иргэдийн хог хаядгийг болиулах үүднээс манайхан өдөр, шөнийн цагаар эргүүлд гарч байгаа. Зугаалж яваа хүмүүс хогоо хаяж байгаатай таарвал өөрсдөөр нь ачуулдаг. Г эвч хогоо хаясаар л байх юм. Мөн машинаа угаавал хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Мэргэжлийн хяналтынхан торгодог л юм билээ” гэж ярилаа.

Зуны гурван сарын турш Туул гол ийн зочдоор дүүрэн байдаг. Харамсалтай нь, хариуцлагагүй, ухамсаргүй аялагчид хогоо хаяж, энд тэндгүй гал асааж, хөрс шатааж, алжаал тайлдаг ганц голоо гомдоож байна. Дэлхийн томоохон хотууд шиг голоо хайрлаж, цэвэр байлгадаг болчихвол нийслэлийнхэнд ч гэсэн таатай байхсан. Даанч тийм ухамсар суудаггүй нь халагламаар.

Зураг