Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Цалин нэмэгдвэл дотоодын жуулчлал өснө

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 7 сарын 25
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Шинээр хөгжиж буй салбаруудын нэг бол дотоодын аялал жуулчлал. Сүүлийн таван жилийн хугацаанд дотоодын жуулчдын тоон үзүүлэлт хурдацтай нэмэгдэж байна. 

Эдийн засгийн утгаар нь авч үзвэл угтаа орон нутгийн хөгжилд ч эерэг нөлөө үзүүлж байгаа нь дамжиггүй. Тэр тусмаа худалдаа, үйлчилгээний салбар үүнийг дагаж идэвхэждэг зүй тогтолтой.

Бүртгэлтэй 300 гаруй жуулчны баазаар үйлчлүүлэх дотоодын жуулчдын тоо урьд жилүүдтэй харьцуулахад 3-4 дахин нэмэгдсэн.

Мөн иргэд хамгийн ихээр зорчиж байгаа хэсгүүдэд үйлчилгээний байгууллагууд нээгдэж, улмаар малчдын орлого ч тодорхой хувиар өсч байна.

Хөдөөг зорих гадаад, дотоодын жуулчдын цуваа энэ сард тасралтгүй үргэлжилдэг. Үүнийг жуулчлалын “оргил үе” ч гэж болохоор. Жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа баазуудын хувьд энэ сард хамгийн их ачаалалтай байдаг.

Бүртгэлтэй 300 гаруй жуулчны баазаар үйлчлүүлэх дотоодын жуулчдын тоо урьд жилүүдтэй харьцуулахад 3-4 дахин нэмэгдсэн байна.

Иргэдийн хувьд тухайн жуулчны баазад урьдчилж захиалга өгөх соёлд суралцаагүй нь хүндрэл үүсгэдэг болохыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын дарга Б.Маргад өгүүлсэн юм. Гэхдээ жуулчны компаниудын хувьд дотоодын жуулчид ихээхэн нэмэгдэж байгаа нь шинэ нөөц боломж хэмээн харж байна.

Манай улсад жилд ойролцоогоор 400 орчим мянган жуулчин ирдэг гэсэн статистик бий. Өнгөрсөн оны хувьд 392 мянган жуулчин ирсэн гэдгийг Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал С.Мэндбаяр хэлж байна. Гадаад жуулчдын тоон үзүүлэлт буурч байгаа бол дотоодынхны тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг С.Мэндбаяр тодотгосон юм. 

Тэрбээр “Дотоодын аялал жуулчлал нэлээн эрчимтэй хөгжиж байгаа. Зам харилцаа хөгжих хэрээр иргэд аялал хийх нь олширсон. Үүнийг дагаад гарч байгаа эерэг болон сөрөг олон асуудал бий. Манай иргэдийн хувьд аяллын соёл тун тааруухан. Гэхдээ хандлага өөрчлөгдөж байна” гэв.

Монгол Улс 2020 он гэхэд 823.5 мянган жуулчин хүлээн авах боломжтой гэсэн тооцоо гарсныг салбарын яамнаас танилцуулсан юм. Дотоодын жуулчдын хувьд нарийн судалгаа хараахан хийгдээгүй байгаа ч өсөлттэй зах зээл хэмээн салбарынхан үзэж байна. Дотоодын жуулчлал эрчимжиж, эдийн засгийн эргэлтийг тэтгэгч шинэ хөшүүрэг болж байгааг СЭЗИС-ийн захирал, эдийн засагч Д.Батжаргал онцолсон юм.

Зуны улиралд хот суурин газрынхан байгалийн үзэсгэлэнт газар болон түүх соёлын дурсгалт газруудаар жуулчлах нь олширсон. Тэдний хэрэгцээ, шаардлагыг хангах, улмаар үнийн хувьд ч таатай байх үйлчилгээ аялал жуулчлалын компаниудад дутагдалтай байгааг үгүйсгэхгүй. Авто замын сүлжээ сайжрахын зэрэгцээ үүнийг дагасан орчин үеийн үйлчилгээний газруудыг байгуулах шаардлагатай байгааг Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвөөс мэдээлсэн юм.

Тодруулбал, баруун чиглэлийн засмал замаар өдөрт дунджаар 300-600 тээврийн хэрэгсэл буюу 2,000 орчим хүн зорчдог гэсэн статистик баримт бий. Манай улсын таван хүн тутмын нэг нь хөдөө орон нутагт автомашинаар зорчиж байгаа гэсэн тооцоолол байдаг. Энэ тоо зуны саруудад өөрчлөгдөж, 2-3 дахин нэмэгдэж байгаа аж.

Дотоодын жуулчлалын шинэ маршрут гарах хэрэгцээ шаардлага байгааг мэргэжлийн холбооныхон хэлж байна. Зун болохоор дотоодын аялагчид зөвхөн Хөвсгөлийг зорьдог байдлыг өөрчлөх, аяллын шинэ бүтээгдэхүүн, бүс байгуулах, одоо байгааг нь улам сайжруулах хэрэгтэйг учирлаж байсан юм.

Тухайлбал, өнгөрсөн жилийн наадмаар Хөвсгөл нуурыг 40 гаруй мянган жуулчин зорьсон гэдэг. Үүний дийлэнх нь дотоодын аялагчид байсныг тухайн үед мэдээлсэн.

Манай улсын хувьд зуны улиралд таван өрх тутмын хоёр нь аялалд явдгийг тогтоосон нь бий. 

Эдийн засаг тэлж, цалин орлого өсөх тусам иргэдийн хувьд аялалд гарах сонирхол нь нэмэгдэж байдаг. 

Эдийн засаг тэлж, цалин орлого өсөх тусам иргэдийн хувьд аялалд гарах сонирхол нь нэмэгдэж байдаг.

Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн дунд болон урт хугацаанд эрчимтэй өснө гэж тооцвол таван өрх тутмын гурав нь аялалд гарахыг үгүйсгэхгүй. Иргэдийн хувьд сүүлийн жилүүдэд Монгол орноо таньж мэдэх, үзэж харах хүсэлдээ ихээхэн хөтлөгдөх болсон.

Энэ нь жуулчны компаниудын ашиг орлогод хүртэл сайнаар нөлөөлж байгааг яамны зүгээс онцолсон юм. Аялал жуулчлалын салбар өндийж, хөгжлийн шинэ шатанд ирээд байгаа.

Дотоодын жуулчдын хувьд төрийн тусгай хамгаалалттай газар нутгуудад аялсны 71 хувь нь Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, Богдхан уулын дархан цаазат газар болон Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт тус тус аялжээ.

Зах зээлд эзлэх хувь хэмжээг аймгуудаар авч үзвэл, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Булган зэрэг аймаг жуулчны тоогоор тэргүүлж байгаа аж. Энэхүү хандлага ойрын жилүүдэд хэвээр хадгалагдана хэмээн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, судлаач Н.Молор тайлбарлалаа.

Зураг