Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

А.Дашпэлжээ: Монгол хүн бүр "УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ" дуурийг заавал ирж үзээрэй

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

УДЭТ болон Нийслэлийн Соёл Урлагийн Газраас /НСУГ/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд хоёр дахь жилдээ зохион байгуулагдах "Учиртай гурван толгой" дуурийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул нээн үг хэлэв.

Тэрбээр "УДБЭТ нь Найрсаг Улаанбаатар төслийн хүрээнд Улаанбаатарчуудаа найрсаг болгох, Улаанбаатар хотод гадаадын жуулчид төлөөлөгчдийг ирэх боломжоор хангахаас гадна Монголчуудыгаа өөрсдийн соёл, сонгодог урлагаар бахархдаг байгаасай гэсэн хүсэл эрмэлзлээр НЗДТГ, НСУГ-тай гурав дахь жилдээ хамтарч ажиллаж байна.

Манай театрын хамт болон "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийг нийслэлийг хөгжүүлэх нэгэн том алхам гэж итгэж, найдаж, дэмжиж байдаг гэдгээ хэлмээр байна. Үндэсний сонгодог бүтээл, дэлхийн сонгодог бүтээлийг таниулах санаачилгыг минь хүлээн авч, дэмжиж ажилласан НЗДТГ, НСУГ болон Э.Бат-Үүл танд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байна.

Энэ жил мэргэжлийн 7-8 шүүгч дүрүүдийг сонгон шалгаруулахад ажилласан. Бидний хувьд 10,000 хүний өмнө тоглож чадах туршлагатай уран бүтээлчдийг хайсан. Дүрийн шалгаруулалтад 16 хүн оролцсон. Үүнээс Юндэн (баритон) - Э.Бумхүү (МУСТА, УДБЭТ-ын годлол дуучин), Нансалмаа (сопрано) - Б.Энхнаран (УДБЭТ-ын гоцлол дуучин), Хоролмаа (сопрано) - Ө.Уянга (МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин), Балган (бас) - С.Бат-Эрдэнэ (УДБЭТ-ын гоцлол дуучин)-аар шалгарсан байгаа. Энэхүү уран бүтээл нь 2,419 дахь удаагаа олон нийтэд хүртээл болох гэж байна.

Жил бүр үзэгчдийн тоо 2,000-3,000-аар нэмэгдэж байгаагаас харахад ямар их хэрэгтэй зүйлийг хийж байгааг маань харуулж байна. Өнгөрсөн жил "Учиртай гурван толгой" дуурийг 10,000 хүн үзэж байсан. Энэ жил улам их хүн ирж үзэх байх гэдэгт итгэлтэй байна" гэв.

НСУГ-ын дарга Б.Батцэнгэл хэлэхдээ "Энэ жилийн хувьд БХЯ, On off продакшин, Led ХХК нь хамтран зохион байгуулан ажиллаж байна.

Өнгөрсөн жил 5,000 хүний суудал зассан бол энэ жилийн хувьд 9,000 хүний суудлыг засахаар бэлдсэн.

Хотын иргэд бол соёлтой үзэгч болж төлөвшсөн байх ёстой. Хэдийгээр үнэ төлбөргүй зохион байгуулагдаж байгаа ч гэсэн үзэгчид маань билетээ авч, суудлын дагуу суух, цагтаа ирэх гэсэн театрын соёлыг ойлгох хэрэгтэй. Мөн үндэсний хувцастайгаа ирж үзэхийг уриалж байна.

Билет сонирхож байвал TICKET.MN сайтаар дамжуулан захиалан аваарай. 

Эцэст нь хэлэхэд, долоодугаар сарын 10-нд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 21:30 цагт хүрэлцэн ирэхийг урьж байна" гэлээ.

 

Гадаа талбай дахь тоглолтын найруулагч МУАЖ А.Дашпэлжээ хэлэхдээ "Энэхүү "Учиртай гурван толгой" дуурь нь Монгол эрэгтэй, эмэгтэй хүний төлөөлөл, Монголчууд үндэсний хувцсаа хэрхэн өмсдөг, яаж хүндэлдэг, ямар соёлтой гэх зүйлсийг бүгдийг нь тусгасан гэдгээрээ онцлог юм.

Мөн УДЭТ-ын тайзнаас 500 хүн үзээд таашаал авах нэг өөр, харин 10,000 болон түүнээс илүү хүн үзэхэд сайхан наадмын үеийн оршил болсон урлагийн тоглолт болно гэдгийг зорьж байна.

Ингээд нийт 300 гаруй уран бүтээлчид оролцож байгаа хүмүүсийн бэлтгэх "АМЬД ТОГЛОЛТ"-ыг үзээрэй. Мөн хамгийн шилдэг гэсэн техник ашиглах тул дуу нь сул, сонсогдохгүй байх гэсэн асуудалгүй гэдгийг хэлмээр байна.

Монгол хүн бүр "Учиртай гурван толгой" дуурийг заавал ирж үзээрэй" гэв.