Маргааш монголчууд бүх нийтээрээ УИХ-ын болон аймаг нийслэлд өөрсдийг нь төлөөлж суух төрийн төлөөллөө сонгох гэж байна. Нэр дэвшигчид өнгөрсөн 18 хоногийн хугацаанд өөр өөрсдийн хэмжээнд сурталчилгаагаа явуулж, олон нийтэд танигдахын тулд чармайж ажилласан. Өчигдөр шөнийн 00.00 цагаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дуусч байна.
Тэгвэл “ММ" энэ удаагийн дугаартаа сонгогчдын мэдээлэлд нэмэр болох үүднээс сонгуулиа хэрхэн өгөх, саналын хуудасны зааварчилгаа, сонгогчийн үүрэг, эрх, энэ сарын 29-нд ямар ямар үйлчилгээ явуулах талаар нэгдсэн мэдээлэл хүргэхээр зорилоо, Монгол Улсын хэмжээнд байгаа тойрог, хэсгийн хороодын нэгдсэн мэдээллийг бүтэн оруулж чадахгүй учраас саналын хуудас хэрхэн бөглөх болон сонгууль өгөхөөр очиход танд ямар бичиг баримт хэрэгтэй талаар мэдээлэл бэлтгэлээ.
Нийслэлийн сонгогч та өөрийн санал өгөх байрны байршлыг http://cityelection.ulaanbaatar. mn/index.php/nith цахим хуудсаар авахаас гадна 1800-1617 утсаар үнэгүй лавлаж болох нь ээ. Мөн 1900-1950 зэрэг мэдээллийн лавлахууд ч иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байгаа юм байна.
2016 оны УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 92,4629 сонгогч есөн дүүргийн 397 санал авах байранд саналаа өгөх аж. Харин орон нутгийн иргэд болон нийслэлийн иргэд ч сонгуулийн талаарх нэгдсэн мэдээллийг СЕХ-ны албан ёсны вэб хуудаснаас гадна сонгуулийн бүх мэдээллийг нэг дор багтаасан http://songogch. songuuli.gov.mn сайтаас мэдээлэл авч болох аж.
Хуулийн дагуу саналын хуудсыг санал авах байруудад тараасан бөгөөд байр тус бүрт нэг ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчид, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн албан хаагч ажиллах юм. Мөн санал авах байр бүрт ажиглагч байх бөгөөд санал авах 397 байрны дотор болон гадна хяналтын камер ажиллах юм байна.
Сонгууль өгөх цаг өглөө 07.00 цагаас эхлэх бөгөөд 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр учраас томоохон зах, худалдааны төв ажиллахгүй. Мөн төрийн бүх байгууллагууд энэ өдөр амрах учиртай. Иргэн та санал өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхээ заавал авч очих нь ээ.
Учир нь санал авах байранд очоод хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах юм. Мөн сонгуулийн Хэсгийн хороодоос тараасан сонгогчийн үнэмлэхийг авч очих шаардлагагүй аж.
Энэ өдөр бүх машин замын хөдөлгөөнд оролцох бөгөөд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж болзошгүй учраас ар иргэддээ аль болох нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг ЗЦГ-аас уриаллаа. Мөн энэ өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод байгаа юм. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.
Сонгогч та саналаа зөөврийн битүүмжилсэн хайрцгаар эсхүл санал авах байранд өөрийн биеэр өгөх боломжтой. Хуульд заасны дагуу цөөн тооны иргэд л зөөврийн саналын хайрцгаар саналаа өгөх боломжтой юм. Өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн хайрцгаар санал авна.
Тодруулбал,
Санал авах байр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадалгаа, тодорхойлолтыг хүлээн авч тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, санал авах чиглэл, хуваарийг гарган сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авна.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.
УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хамт явуулж байгаа тул сонгуулийн саналын хуудсыг нэг хуудас дээр хэвлэх бөгөөд энэ тохиолдолд тухайн сонгууль тус бүрийн саналын хуудсыг бие даасан байдлаар ойлгоно.
Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ.
Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.
Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.
Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэлээ хийнэ. Сонгогч дээр дурдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.
Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшнээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог. Сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан, ажиглагч нь итгэмжлэгдсэн хүн байж болохгүй аж. Сонгуулийн санал өгөх загвар хуудас болон сонгууль өгөхдөө юуг анхаарах талаар дэлгэрэнгүй танилцуулгыг зургаар үзүүллээ.
Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд орсон онцлог зохицуулалтуудын нэг нь сонгогчид хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон явдал юм. Тухайлбал, сонгогчид дор дурдсан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Үүнд:
Дээр дурдсаныг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилжээ.
САНАЛ ТЭМДЭГЛЭХ ЗААВАР
1. Улсын Их Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн 1 нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ
2. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрогт нэр дэвшигчийн дотроос өөрийн сонгохыг хүссэн.... нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ.
СОНГОГЧ ТА
Саналаа тэмдэглэхдээ алдаа гарган буруу тэмдэглэл хийсэн бол САНАЛЫН ХУУДАС ДАХИН НЭГ УДАА АВЧ БОЛНО.
Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрогт ногдсон мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал өгвөл таны санал хүчингүй болохыг АНХААРНА УУ!