Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Н.В.Левичевийг өнөөдөр хүлээн авч уулзав. Тэрбээр монголын парламентын сонгуулийг ажиглахаар хүрэлцэн ирсэн байна.
Монгол, Оросын сонгуулийн байгууллагууд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурснаас хойш хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжиж байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дурьдаад цаашид хөгжих улам өргөн боломж байгааг тэмдэглэв. Хоёр орны сонгуулийн байгууллагын төлөөлөгчид харилцан айлчилж, бүх түвшин дэх сонгуулийг ажиглаж ирсэн бөгөөд энэ оны есдүгээр сарын 18-нд болох Оросын Төрийн Думын сонгуулийг ажиглах сонирхолтой байгаагаа тэрбээр илэрхийллээ.
Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага энэ өдрүүдэд сонгууль ажиглахаар манай оронд хүрэлцэн ирсэн Кыргыз Улсын Сонгуулийн төв Хорооны дарга Т.Д.Абдраимов тэргүүтэй төлөөлөгчид, БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын болон Европын парламентын Холбооны төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзав.
Эх сурвалж: СЕХ