Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

70 сая малтай боллоо гээд баярлах шалтаг алга

Г.Баярсайхан, Засгийн газрын мэдээ
2016 оны 6 сарын 28
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын малын тоо толгой 73 саяд хүрч, шинэ дээд амжилт тогтоосон гэнэ. 23 сая хээлтэгч малын 81 хувь буюу 19.3 сая эх мал төллөж, 18.8 сая төл хүлээн авснаар дээрх дүнд хүрчээ.

Өнгөрсөн жилийн эцсээр 55 сая мал тоолуулж байсан үзүүлэлт ийнхүү дахин эвдэгдэх нь. Бид мал тооллогын улсын дүнг гаргахдаа жилийн эцсийн байдлаар авч үздэг. Энэ жилийн хувьд оны эцэс гэхэд 60 орчим саятай гарах байх гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Буянт малын минь тоо толгой жил дараалан өсөж, дээд амжилтаа эвдсээр байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нөгөө талаар энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ноцтой асуудал гэдэг дээр бодлого боловсруулагчид анхаарах цаг болжээ. 

Малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийн даац хэтэрч, үүнийгээ дагаад нийт нутаг цөлжих, ургамлын төрөл зүйл багасах, хур бороо ховордох зэрэг таагүй үр дүн бий болсоор байгааг сүүлийн жилүүдэд хангалттай ярьж, бичсэн. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдөх нь бүү хэл улам бүр дордсоор.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.2.2-т “Бэлчээр ашигласны төлбөр тогтоох, эзэмшүүлэх, хамгаалах болон нөхөн сэргээх, хариуцлага хүлээлгэх чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлж, бэлчээрийн одоогийн төлөв байдал, цаашдын хандлагад суурилсан бэлчээрийн даацыг бүс нутаг бүрээр шинэчлэн тогтоож малын тоо толгой, төрөл, сүргийн бүтцийн зохистой харьцааг хангана” хэмээн заажээ. 

1967 онд манай орны 100 га бэлчээрийн талбайд хонин толгойд шилжүүлсэн дүнгээр 40 толгой мал ногдож байв. 

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа ийн заасан ч үүнийг нь хэрэгжүүлэх ажил хангалтгүй буюу огт хийгдээгүй гэж болохоор.

Магадгүй бороо орж, байгаль дэлхий ногоон хүрмээ нөмөрсөн болохоор бэлчээрийн доройтол гэсэн сэдэв хүмүүст ноцтой санагдахгүй байж мэднэ. Гэвч эрдэмтэн мэргэд, мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаа арай өөрийг өгүүлнэ.

ХХААЯ-ны гаргасан судалгаанд анхаарлаа хандуулъя. Манай улсын бэлчээр, хадлангийн талбай 112 сая га байгаа нь 50 жилийн өмнөхтэй харьцуулбал 7.7 хувь буюу 9.4 саяар багассан дүн юм. 1967 онд манай орны 100 га бэлчээрийн талбайд хонин толгойд шилжүүлсэн дүнгээр 40 толгой мал ногдож байв. 

Харин 2014 оны тайланд дурдсанаар дээрх үзүүлэлт 76 болж нэмэгдсэн юм. Үүнээс хойших хоёр жилд малын тоо нэлээд нэмэгдсэн гэж тооцвол 100 га талбайд ногдох тоо 80 гараад явах нь. Түүнчлэн улсын хэмжээнд нийт бэлчээрийн 65 хувь нь унаган төлөв байдлаасаа өөрчлөгдсөн, 10 хувь нь сэргэх боломжгүйд хүрсэн тоо баримт ч байна.

Уг нь Монгол Улсын хэмжээнд 29 сая толгой мал байх нь тохиромжтой гэж үздэг юм билээ. Ингэснээр бэлчээрийн даац хэвийн хэмжээнд байна гэсэн үг. Саяхныг хүртэл буюу 2000 онд малын тоо 30 гаруй сая байжээ. Гэвч үүнээс хойших 15 жилд огцом нэмэгдэж, өдгөө бид 70 сая гэсэн том тоо яриад сууж байна. Зохистой хэмжээнээсээ бараг гурав дахин хэтэрчихээд буйг уншигч та ойлгосон байх.

Говийн нэгэн малчин “Манай энд 30 метр ухахад л гүний устай залгадаг байлаа. Харин одоо 70 метр ухаад ч юм гарахгүй байна” хэмээн ярихтай таарч байв. Мөн бороо хур орохоо болилоо, малын хамар хатгах өвс олдохгүй байна, шим тэжээлтэй нарийн өвс ургахаа болилоо гэж малчид ярихыг олонтаа сонсох байх. Энэ бүхэн бэлчээрийн доройтолтой их, бага хэмжээгээр холбогдож таарна. “Социализмын үед малын тоо 25 саяас хэтэрдэггүй байлаа.

Харин сүүлийн үед ихэссэн нь хэд хэдэн шалтгаантай. Мал хувьд шилжсэнээс хойш хүмүүс эзний ёсоор ханддаг болсон. Мөн сүүлийн жилүүдэд малчдын тоо хоёр дахин нэмэгдлээ.

Нөгөө талаар 2010 оноос хойш цаг агаарын байдал тааламжтай байсан нь мал өсөхөд нөлөөлсөн. Бид малын тоо толгой хэтэрхий их өслөө гэж яриад байдаг.

Гурван хонинд нэг ямаа ногдож байвал зохистой харьцаа гэж үзэх уламжлал байдаг. 

Уг нь тоондоо биш, сүргийн бүтцэд анхаарах ёстой юм. Гурван хонинд нэг ямаа ногдож байвал зохистой харьцаа гэж үзэх уламжлал байдаг.

Гэтэл одоо хонь, ямааны тоо нь тэнцүү болчихоод байна. Уг нь нийт сүргийн дор хаяж 30 хувь нь бод мал байвал зүгээр гэж үздэг. Гэтэл одоо 12-хон хувьтай байна” хэмээн Хөдөө аж ахуйн сургалт, мэдээллийн төвийн тэргүүн, доктор Б.Биньеэ өгүүлсэн юм.

Өдгөө бид жилдээ 10 орчим сая мал нядалж, хүнсэндээ хэрэглэдэг. Үүн дээр дахин 5-10 саяыг нэмж төхөөрөн гадагш экспортод гаргавал малын тоо толгойг зохистой хэмжээнд барих нөхцөл бүрдэнэ гэдгийг Биньеэ гуай нэмж хэлсэн.

“Гэхдээ амьдаар нь гаргахад алдагдалтай байдаг. Аль болох мах болгож, бүр цаашилбал хиам, консерв үйлдвэрлэж гаргавал бүр ашигтай. Малаа экспортод гаргахад эрүүл мэндийн асуудал л саад болж байгаа шүү дээ” хэмээн тэрбээр ярилаа.

ХХААЯ, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран Монгол орны бэлчээрийн төлөв байдалд судалгаа хийжээ. Судалгааны дүнд нийт бэлчээрийн 48 хувийг нөхөн сэргээхэд гурваас дээш жил шаардлагатай гэж гарсан байна. “Монгол орны нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэгт дулаарал эрчимтэй явагдаж байна.

Энэ бүх хүчин зүйлс, үйл явцын хам нөлөөлөл яваандаа бэлчээрийн талхлагдал, доройтол эрчимжих, ялангуяа нутаг дэвсгэрийн төвийн болон хойд хэсгээр байдал ихээхэн хүндрэхэд хүргэх ноцтой төлөв харагдаж байна” хэмээг уг тайланд дурджээ.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монголд нөлөөлөөд хэдэн жилийг үдлээ.​ Ургамлын бүрэлдэхүүн цөөрч, зундаа хэт их халж, булаг шанд ширгэж, хур бороо багассаар байгаа. Байгалийн ааш улам өөрчлөгдөж, цөлжилт газар авсаар байхад дээр нь нэмээд даац хэтэрсэн газар олон мал бэлчээвэл юу болохыг төсөөлөөд үз дээ.

Үүнийг бичихдээ таван хошуу малаа ад үзэх гэсэнгүй. Харин тоонд бус, чанарт нь анхаараасай гэж эхний ээлжинд малчдаас дахин хүсэх байна. Малын тоо хэтэрхий ихдэхээр өвчин эмгэгт баригдаж, гарц шим нь багасаж, эдийн засгийн үр өгөөж нь дагаад буурдаг.

Бид үүнийг мэдсээр байж тооны араас хэт их хөөцөлдөж, олон малтай л бол мундаг малчин гэж ойлгодог болжээ. Уг нь сайн малчин байнга отор нүүдэл хийж, сүргийнхээ бүтцэд гойд анхаардаг талаар ахмадууд өгүүлдэг. Харин одоо энэ асуудалд санаа зовнидог, бэлчээрээ хайрлан хамгаалдаг малчин хэр олон бол?

Зураг