Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сосорбарам энэ жилийн Nikkei Asia Prizes шагналыг хүртлээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн Nikkei Asia Prizes шагналыг Ази тивийн гурван хүн хүртсэний нэг нь Монголын соёл урлаг, нийгмийн зүтгэлтэн Д.Сосорбарам байлаа.

Д.Сосорбарам болон Энэтхэгийн нэгэн буяны сан, Хятадын биомиметикийн эрдэмтэн нарт уг шагналыг өчигдөр буюу Ням гарагт Токио хотноо гардуулжээ.

21 дэхь жилдээ олгогдож байгаа энэхүү шагналыг Ази тивд өөрчлөлт хийж байгаа хүмүүст олгодог юм.

Шалгаруулах комиссийн дарга Фүжио Митарай хэлэхдээ “Дэлхий ертөнц олон асуудлуутай тулгарч байна. Тиймээс хүмүүсийн мэдлэг, туршлагыг дэлхий дахинд түгээх нь улам бүр ач холбогдолтой болж байгаа юм. Энэ удаагийн шагналын эзэд дээрх шаардлагыг хангаж байгаа” гэжээ.

Д. Сосорбарамыг 1990-ээд оны Монголын ардчилсан хөдөлгөөнд тэргүүлэн оролцож, урлаг соёлоор нийгмийн өөрчлөлтөнд хүмүүсийг уриалан дуудаж байсан хэмээн онцолсон  байна.

Шагналын эзэн Акшая Патра сан нь Энэтхэг даяар 11,000 сургуулийн 1.5 сая хүүхдийг өдрийн хоолоор хангах хөтөлбөр хэрэгжүүлж чадсан гавьяатай юм. Уг сангийн эдийн засаг, бизнесийн салбарт гаргасан өөрчлөлтийг нь шагналын коммисс онцолжээ.

Хятадын Шинжлэх Ухааны Академийн профессор Жянь Лэй шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг нь хүртсэн байна.

Түүний судалдаг биомиметикийн шинжлэх ухаан нь амьд организмын амьдрах арга замыг судлан ололтыг нь янз бүрийн хэрэглээнд ашигладаг юм.

Тухайлбал түүний судалсан загасны хайрсны бохирдлоос хамгаалах зарчмыг усан онгоцны эх биед ашиглаж эхэлсэн байна. Одоо түүний боловсруулсан технологийг 700 гаруй хөлөг онгоц ашиглаж байгаа гэнэ.

Nikkei Asia Prizes шагналыг 1996 онд Япон хэл дээрх гол сонин болох Никкейн 120 жилийн ойг тохиолдуулан бий болгожээ.

 

Эх сурвалж: Nikkei.com