Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвших хүмүүс өнөөдөр урьдчилсан байдлаар тодорхой болно

Б.Ану
2016 оны 5 сарын 25
iKon.MN

Хуулийн дагуу УИХ-д нэр дэвшигчдийг тодруулах хугацаа энэ сарын 23-29-ний хооронд үргэлжилж намууд нэр дэвшигчдийгээ энэ сарын 30-ны дотор, бие даагчид нэр дэвших эсэхээ зургаадугаар сарын 1-ны дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд өгөх ёстой. 

Тиймээс улстөрийн намуудын хувьд энэ өдрүүдэд  аймаг, дүүргийн намын хороод нь хуралдаж тухайн дүүрэг, аймагт нэр дэвших хүмүүсээ тодруулсаар байна.  Гэхдээ урьдчилан байдлаар тодруулах бөгөөд нэр дэвшигч тодруулах албан ёсны намын холбогдох шатны хурлын үеэр заалнаас нэр дэвшигчид ч гарч ирэх боломжтой. Энэ нь гэхдээ нам тус бүрийн өөрсдийн дүрмээр зохицуулагдаж байгаа юм. 

Өнөөдөр гэхэд Баянгол дүүргийн Ардчилсан Намын хороо хуралдаж энэ удаагийн УИХ-ын сонгуульд хэн хэнийг нэр дэвшүүлэхийг хэлэлцэх юм байна. 

Баянгол дүүрэг нь дөрвөн сонгуулийн тойрогтой бөгөөд урьдчилсан байдлаар тус дүүрэгт АН-аас С.Дэмбэрэл, С.Одонтуяа, З.Энхболд, С.Эрдэнэ нар дэвшихээр яригдаж байгаа бол МАН-аас Л.Амгалан, П.Анужин, Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан нар нэр дэвших урьдчилсан таамаг байгаа билээ. 

С.Дэмбэрэлийн тухайд ИЗЗН-аас гарч АН-д элсээд байна. Тодруулбал тэрбээр өнөөдөр АН-ын дарга З.Энхболдоос намын батлахаа авчээ. 

Мөн тус дүүрэгт нэр дэвших бие даагчид ч сонирхол татам. 

Дуучин М.Нарантуяа гэхэд Баянгол дүүргийн 69-р тойрогт нэр дэвшихээр 801 дэмжигчийнхээ гарын үсгийг амжилттай зуруулсаар байгаа юм. Амжилттай гэдэг нь тэрбээр аль хэдийнэ 1,500 хүний гарын үсэг цуглуулсан тухайгаа өөрийн фэйсбүүк дээрээ бичжээ. 

Түүнчлэн тус дүүрэгт бие даан нэр дэвшихээр  Хера группын Ерөнхий захирал, эдийн засагч Х.Ганхуяг ч мөн гарын үсгээ цуглуулж эхэлжээ.